Санхүүгээ хадгаламжаар бус хуримтлалаар удирдахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Лэнд МН ББСБ" ХК хөрөнгийн зах зээлд компанийн бонд гарган олон нийтэд арилжаалж эхлэв. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд мөн энэ сарын 19 хүртэл үргэлжлэх юм.
Иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд компанийн бонд нь банкны хадгаламжийн хүүгээс өндөр байдаг бөгөөд нээлттэй зах зээл дээр арилжаалах бондын хүүгийн орлогын татвар хадгаламжийн хүүгийн орлогын 10 хувийн татвараас 2 дахин бага буюу 5 хувь байдаг тул илүү өгөөж хүртэх боломжтой санхүүгийн хэрэгсэл болж байна.
Компанийн нээлттэй бонд Монголын Хөрөнгийн бирж дээр 2017 оноос хойш гараагүй байв. "COVID-19"-ийн халдварын цар тахал манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг "Лэнд МН ББСБ" ХК хөрөнгийн зах зээлд компанийн бонд гаргаж буй дээрх үйл явдал харуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Мөн саяхан “Бодь даатгал” ХХК үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж, анхдагч зах зээл дээр хувьцаагаа амжилттай арилжаад байна. Ийнхүү дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлд хувьцаа, бондоо гарган санхүүжилт татаж буй нь дотоодын бусад ААН-үүдэд хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, боломж бололцоо байгааг харуулсан үйл явдал болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ талаар тэд саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа тодотгосон юм. Уулзалт дээр банкны хадгаламжаас илүү хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр орлого олох, мөнгөө хуримтлах хөрөнгийн зах зээлийн хүртээмжтэй өөр олон боломж, арга байна. Энэ талаар иргэдэд санхүүгийн боловсрол олгох чухал байна. Баялгийн хуваарилалтын гол салбар үнэт цаасны зах зээл юм гэсэн санаанууд гарч байлаа.
Төр, засгаас энэ онд хөрөнгийн зах зээлийг дэмжсэн хууль эрхзүйн 2 заалт оруулсан нь, "Он гарснаар Татварын шинэчилсэн хуулиар нээлттэй арилжаалж буй бондын хүүгийн орлогын татвар өмнө нь 10 хувь байсныг 5 хувь болгож бууруулав. Ногдол ашгийн орлогын албан татварыг мөн 10 хувь байсныг 5 хувь болгосон нь үнэт цаасны зах зээлд татварын таатай орчин бий болгож байна.
Уулзалтад бондоо гаргаж буй "ЛэндМН ББСБ"-ын гүйцэтгэх захирал О.Болдбаатар , ”Лэнд Бонд”-ын туслах андеррайтераар ажиллаж буй "Мирэ Эссэт секьюритис Монгол ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр нар оролцсон юм. Үнэт цаасны мэргэжилтэн Н.Цэвэгмид хэлэхдээ, иргэд, ААН-үүд мөнгө, санхүүгээ удирдан, хуримтлалтай байх нь хөгжилтэй орнуудын амьдралын зөв хэм маяг, хэм хэмжээ болсныг онцолж байв. Үүнийг Япон, БНСУ, Герман болон Европын орнуудаар жишээ татан, тэдгээр улс орон "COVID-19"-ийн цар тахлын хямралыг хурдан давж чадаж байгаа нь иргэдийн хадгаламж их, Засгийн газрынхаа болон компаниудынхаа бондыг эзэмшдэг, тэр нь өгөөжтэй байдагтай холбоотойг хэлж байв.
Гэтэл манай улсад ийм мөнгө санхүүгийн хуримтлалын механизм байхгүй байна. Ийм механизмгүй орнуудад улс нь ч тэр, иргэд, ААН-үүд инфляц, валютын ханшийн өөрчлөлтөөс эхлээд эдийн засгийн аливаа хямралд амархан өртөж, савлагаанд ордог байна. Тиймээс хадгаламжаар санхүүгээ удирдах нь учир дутагдалтай. Харин хуримтлалаар мөнгө санхүүгээ удирдах нь чухал юм гэдгийг хэлж байв. Тэгвэл манай улсад мөнгөө хуримтлуулах арга байна уу.
Үнэт цаас, хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд худалдан авч, эзэмшигч болж орлого олох, мөнгөө хуримтлуулах арга бий. Гэвч энэ нь Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Иргэд энэ талын ойлголтоор муу байдаг учир мөнгөний хэрэгцээ гарах, зээл авахад хүрэхэд зөвхөн арилжааны банк, ломбардыг зорихоос өөр сонголт байхгүй байгааг Үнэт цаасны мэргэжилтэн Н.Цэвэгмид хэлж байв. Энэ үүднээс иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгож, компани, ААН-үүд хөрөнгийн зах зээлд хариуцлага оролцох хэрэгтэй байна гэдгийг онцлов.
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр төр, засгаас энэ онд хөрөнгийн зах зээлийг дэмжсэн хууль эрхзүйн 2 заалт орж ирснийг татвараар жишээ татан хэлсэн юм. "Өнөөдөр хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10 хувь байгаа. Он гарснаар Татварын шинэчилсэн хуулиар нээлттэй арилжаалж буй бондын хүүгийн орлогын татвар өмнө нь 10 хувь байсныг 5 хувь болгож бууруулаад байна. Ногдол ашгийн орлогын албан татварыг мөн 10 хувь байсныг 5 хувь болгосон"-ыг дуулгаад үнэт цаасны зах зээлд татварын таатай орчин бий болж буйг онцлов.
Эргээд үйл явдлыг дурдахад, “Лэндмн ББСБ” ХК-ийн зах зээлд нээлттэй санал болгох 5 тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг үнэт цаасны бүртгэлд бүртгээд байна. Энэ нь 2018 оноос хойш, түүнчлэн "COVID-19"-ийн халдварын цар тахлын дэгдэлт манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж буй энэ үед хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид сорилтыг боломж болгох, компанийн бондын зах зээл хөгжих бололцоо буйг харуулсан үйл явдал болж байна. "Хөрөнгө оруулалтын ийм боломж бий гэдгийг бид харуулахыг хичээн ажиллаж байна" гэж "ЛэндМН ББСБ"-ын гүйцэтгэх захирал О.Болдбаатар хэлсэн юм.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал