Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх юм. Ингэснээр бичил болон ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлнэ. Хамтын ажиллагаа нь өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн бичил болон ЖДҮ эрхлэгчдэд өөрийн хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах боломжийг бий болгоход чиглэсэн хөтөлбөрийн үргэлжлэл аж.
Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ХАА-н салбарын экспортыг нэмэгдүүлэх, дотоодын ААН-үүд, ялангуяа уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, мөн орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх бодлого, зорилтод тулгуурлан хэрэгжинэ гэж ОУСК-ийн албан мэдээнд дурджээ.
"ОУСК-тай хамтран ажиллаж буй энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг олж илрүүлэх замаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн журам, бодлогыг боловсруулж, ногоон эдийн засгийн хөгжлийн талаарх Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжих юм" гэдгийг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байна.
"COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ААН-үүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед ЖДҮ эрхлэгчдэд туслах шинэлэг арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал байна. Энэ нь ялангуяа ХАА-н салбарт хамааралтай. Учир нь энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ өндөр байдаг” хэмээн ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэллээ.
Тэрээр, "ОУСК нь Монгол Улсын санхүүгийн салбарт тогтвортой байдлын үзэл баримтлалыг хөгжүүлэх чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. ОУСК нь олон улсын ногоон бондын зах зээлд хамгийн анх оролцогчдын нэг юм. Иймд, бид өөрийн туршлагаа ашиглан Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна" гэв.