Гадаад худалдаа 212.7 сая ам.долларын алдагдалтай гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын экспорт оны эхний дөрвөн сард 45.3 хувиар буураад байна.
Өнгөрсөн саруудад манай улс 125 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8 хувь) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 (45.3 хувь) тэрбум ам.доллароор, импорт 179.9 (10.2 хувь) сая ам.доллароор тус тус буурчээ.
Харин өнгөрсөн дөрвөн сард экспорт 337.8 сая ам.доллар, импорт 424.8 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая ам.доллароор, импорт 13.2 сая ам.доллароор тус тус өсжээ.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард 745.8 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая ам.доллароор буурч, 212.7 сая ам.долларын алдагдалтай байгаа талаар ҮСХ мэдээлэв.