Хүнсний ногооны тариалалтыг 1500 га-гаар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-15 10:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн хаврын тариалалт 5 дугаар сарын 9-нөөс эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 6-7 мянган га-д тосны ургамал, 4 мянган га-д улаан буудай тариалж, эрт ургацын хүнсний ногоо, төмс, байцаа зэрэг хүнсний ногооны тариалалт эхэлжээ. Энэ жил манай улс 460 гаруй мянган тн хүнсний улаан буудай, 100 гаруй мянган тн хүнсний ногоо, 160-170 мянган тн төмс хураан авахаар төлөвлөжээ.

Хүнсний ногооны тариалалтын хувьд цар тахлын улмаас экспорт, импорт хумигдан зогсоод буй энэ үед дотоодоосоо хангах зорилт тавьжээ. Тодруулбал, хүнсний ногоог энэ жил 1500 орчим га талбайгаар, таримал жимсний хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлэх талаар салбарын яам мэдээлж байна.

Засгийн газраас хаврын тариалалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах үүднээс 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, тариаланчдад Хөгжлийн банкнаас зохион байгуулан олгохоор болжээ. 


Энэ жил хүнсний ногоог 1500 орчим га талбайгаар, таримал жимсний хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангана.



Манай улс өнгөрсөн онд улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 340  мянган га талбайд улаанбуудай, 14.8 мянган га талбайд төмс, 8000 мянган га талбайд хүнсний ногоо, 82.4 мянган га талбайд тосны, 42 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан юм.

Тариалангийн бүс нутгуудад сүүлийн өдрүүдэд багагүй хэмжээний хур тунадас орсон учир хаврын тариалалтад тодорхой хэмжээнд эерэг нөлөөлөх төлөвтэй байна.


ҮСХ-ноос мэдээлснээр, хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 5 дугаар сарын 1-ний байдлаар 40.9 мянган тонн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 (5.7хувь) мянган тонноор буурчээ. Энэ сарын 1-ний байдлаар, өргөн холбооны 96.4 хувь, бүх төрлийн сийрүүлэгчийн 95.6 хувь, дугуйт тракторын 94.3 хувь, гинжит тракторын 79.7 хувь нь хөрс боловсруулалт, тариалалтад ажиллахад бэлэн болжээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал


Связанные новости