"COVID-19"-ийн нөхцөлд ЖДҮ эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-12 19:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнууд эдийн засаг, бизнес нийгмийн хүрээнд олон сорилттой тулгарч байна. Үүнд хамгийн түрүүнд улс орнуудын ЖДҮ эрхлэгчид илүүтэй өртөж буй бөгөөд жижиг дунд, бичил бизнесээ аварч сөрөг нөлөөллийг бууруулахын тулд улс орнуудын хариу үзүүлэн явуулж буй үйл ажиллагаа, авч буй арга хэмжээг дурдвал:

ОХУ-д жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс 81.1 тэрбум рублийн буюу 1.1 тэрбум ам.долларын мөнгөн тэтгэмжийг хуваарилан олгож байна. Дээрх хөрөнгийг ОХУ-ын Засгийн газрын нөөцийн сангаас гаргаж, 3 дугаар сараас хойш ажилчдынхаа тоог 90 хувиас доош бууруулахгүй хадгалж авч үлдсэн нөхцөлтэйгөөр ЖДҮ эрхлэгчдэд олгох юм. Энэхүү тэтгэмжийг ЖДҮ эрхлэгч 970 гаруй мянган ААН-д хуваарилах аж. 

Нөөцийн сангийн энэ хөрөнгийн зарцууллалтыг 2021 оны 2 дугаар сарын 1 хүртэл Засгийн газарт тайлагнах замаар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулж үр ашиг гарч буй эсэхийг хянахыг Сангийн яаманд үүрэг болгоод байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн 4 дүгээр сарын 15-нд Засгийн газартаа үүрэг өгсөн юм. 


Швед улсад Зээлийн батлан даалтын сан жижиг дунд болон бичил бизнес эрхлэгч нартаа зээлийн батлан даалт гарган, 750 сая швейцарь франкийн зээлийг шууд олгож байна. Ингэснээр бизнесийн хязгаарлалт, түүнээс үүдэлтэй бэлэн мөнгө, түүхий эд болон үйл ажиллагаанд гарч буй аливаа эрсдэл, санхүүгийн хомсдлыг арилган гэтлэн туулж байна. Дээрх жишээгээр манай улсад зээлийн батлан даалтаар ЖДҮ эрхлэгчдийг дэмжих боломжтойг эдийн засагчид хэлж байна. 

АНУ-ын Засаг захиргаа зах зээлээ дэмжих зорилгоор иргэдийнхээ хэрэгцээнд зориулж, 3 тэрбум ам.доллароор ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг дотоодоосоо худалдан авах шийдвэрийг гаргаад байна. Учир нь тус улсад "COVID-19"ийн цар тахлын улмаас ресторан, кафе зэрэг үйлчилгээний газрууд, мөн сургуулиуд хаагдсан нь ХАА-н бүтээгдэхүүний эрэлтийг бууруулжээ. Гол худалдан авагч ресторан, хоолны газар, сургууль цэцэрлэгүүд үүдээ барьснаар ХАА-н үйлдвэрлэгч зарим бүтээгдэхүүнээ устгалд оруулаад байсан юм. Тус улс дотоодын бизнесээ дэмжих зорилгоор 19 тэрбум ам.долларын хөтөлбөр зарласны нэг хэсэг нь дээрх 3 тэрбумын худалдан авалт орж байгаа юм. 


Манай улсын хувьд бараа, материал бүтээгдэхүүн шууд импортлогч ААН, компаниудаас гадна ЖДҮ бизнес эрхлэгчээс эхлээд ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн түүхий эд, бараа материал, тоног төхөөрөмжөө мөн гадаад орнуудаас авдаг учир зах зээл хумигдсан "COVID-19"-ийн нөхцөлд хүнд байдалтай тулгарч байна. Нэг ёсондоо түүхий эд, материалын хувьд импортоос хамааралтай байдал ЖДҮ эрхлэгчдийг эрсдэлд оруулсаар байна. 



Связанные новости