Энэтхэг Улсаас авах нэг тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбарт зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭГХЯ-наас зохион байгуулсан "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хуралд Гадаад Хэргийн Яамны Консулын газрын захирал Б.Болд, Ази, Ойрхи Дорнод, африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн, Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа нар оролцож хийсэн ажлуудаасаа танилцууллаа.
ГХЯ-наас Далайд гарцгүй Венагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр семинарыг зохион байгуулж Монгол Улс Далайд гарцгүй орны хувьд тулгарч буй саад бэрхшээлүүдийг Олон Улсын хамтын ажиллагааны хувьд хэрхэн шийдэх вэ гэсэн асуудлыг танилцуулжээ.
Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа ярихдаа,"Дөрөвдүгээр сарын 26-27-нд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний семинар болсон. Тус хөтөлбөр нь 2014-2024 онд хэрэгжих олон улсын хөтөлбөр бөгөөд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 орны нэг нь. Далайд гарцгүй орны хувьд тулгарч буй саад бэрхшээлүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар хэрхэн даван туулах, үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрхэн Венийн хөтөлбөртэй уялдуулах вэ гэдгийг үндэсний семинараар хэлэлцсэн" гэв.
Ази, Ойрхи Дорнод, африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн "Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Энэтхэгт албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбарт зарцуулахаар тохиролцож, баталсан.Түүнчлэн хоёр орны хооронд ялтан шилгүүлэх гэрээний батламж, жуух бичгийг солилцлоо.Түүнчлэн Монгол судлаачидтай уулзалт хийж, төр засгийн одонг гардуулах, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах зэрэг ажлыг хэлэлцсэн" гэлээ.
Мөн үеэр гадаадад амьдарч байгаа иргэд хэрэгт холбогдож буйг онцлон иргэн бүр ухамсартай байх хэрэгтэй хэмээв.
Б.Заяа