Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг өнөөдөр байгууллаа
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны ээлжит сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг энэ сарын 14-нд байгуулна.
Хуулийн дагуу 21 аймаг болон нийслэлд нийт 21 сонгуулийн хороо байгуулна. Тодруулбал, Дундговь, Говьсүмбэр аймагт нэг сонгуулийн хороо бусад 19 аймаг болон нийслэлд тус бүр нэг хороо байгуулж буй юм.
СЕХ өнгөрсөн сарын 17-ноос энэ сарын 10-нд сонгуулийн хороодод ажиллах хүсэлтэй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг цахимаар бүртгэсэн байна. Үүнд 11 мянга 979 албан хаагч бүртгүүлсэн бөгөөд СЕХ-ны цахим сургалтад суралцаж буй юм. Үүнээс сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулах бөгөөд нэг хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Ё.Баатарбилэг: Сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр анги дэвшүүлнэ
УОК-ын энэ сарын 14-ны хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлэх юм байна. Ямар нэгэн хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй, 9 дүгээр сарын 1-нд 2020-2021 оны шинэ хичээлийн жил эхэлнэ гэдгийг тэрбээр тодотгов. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг энэ сарын 15-наас хязгаарлаж төсөвт хэмнэлт гаргахыг чиглэл өгчээ. Уг хэмнэсэн төсвийг шаардлагатай байгаа арга хэмжээнд зарцуулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгааг онцоллоо.
Харин төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-нд явуулах тов хэвээрээ байгааг дуулгав. Их, дээд сургуулийн элсэлтийг 7 дугаар сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэв. Мөн энэ жил элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргажээ.
“ЭЕШ-д орох хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол байдаг. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ-д орно. Үүнтэй холбоотой шийдвэр, тогтоол гарсны дараа тодорхой зохицуулалт хийнэ” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр тэмдэглэв. Мөн энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагчдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийднэ гэлээ.
Энэ сарын 13-ны байдлаар, 28500 сурагч 12 дугаар анги төгсөх мэдээ байна. Үүнээс одоогоор 20 мянга гаруй сурагч ЭЕШ-даа бүртгүүлжээ. ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтыг цахимаар шийдэж байгаа аж. Цэцэрлэг болон хувийн сургуулийн хаврын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болжээ. БСШУСЯ-наас төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө хөнгөлөх асуудлыг эцэг эхчүүдтэй нь зөвшилцөж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ.
Мэргэжлийн сургалтын төвүүд ДЭМБ-ын зөвлөмжийг баримталж сургалтаа явуулах хүсэлт УОК-т ирүүлж буйг тэрбээр дурдаад, тухайн сургалтын байгууллага нь ХНХЯ-наас зөвшөөрөл авч, тус яамны хяналтад сургалтаа явуулахыг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар, ЮНЕСКО-гийн гишүүн 192 улс орон хичээл, сургуулийн сургалтыг зогсоож нэг тэрбум 700 сая хүүхэд хөл хорионд байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т үүрэг өглөө
Засгийн газрын энэ сарын 14-ны ээлжит хуралдаанд УОК-оос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг сонсов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т хэд хэдэн үүрэг өгсөн байна. Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгааны судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох
3. Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг "COVID-19" цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.
4 Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгав
Засгийн газрын энэ сарын 15-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгав.
Дээрх хоёр газарт 2019 оны 3 дугаар сарын 21-нд онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаа өнгөрсөн сарын 13-нд дууссан бөгөөд дахин хагас жилээр сунгахаар Засгийн газрын тогтоол батлав. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" ТӨҮГ хэвийн, тасралтгүй ашигтай ажиллаж байна. Гэхдээ дээрх хоёр газрын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах ажил дуусаагүй байна. Мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийг ТӨҮГ болгосноос хойш 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна.
Орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 15-нд болно
УИХ-ын чуулганы энэ сарын 16-ны хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 15-нд байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтад 2016 оны сонгуулиар ашигласан “New image cast” төхөөрөмж хэрэглэх тогтоолыг батлав.
Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө
УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны хуралдаанаар Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь дэмжсэн юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХЭҮК-ын даргаар хууль зүйн өндөр мэргэшилтэй хүн сонгох нь зөв хэмээв. Мөн тэрбээр дэлхий нийтэд хүний эрхийг хамгаалах байгууллагын даргаар эмэгтэй хүн томилох тохиолдол их байдаг гэдгийг онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “ХЭҮК өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ийн ажлын тайланг тогтмол сонсдог. Үүндээ тулгуурлан ХЭҮК-ын тухай хуулийг ч шинэчилсэн. Уг хуулийн хүрээнд комиссын ажил улам бүр сайжирна гэдэгт итгэж байна” гэв.
ХЭҮК-ын дараагийн даргыг сонгох хүртэл одоо ажиллаж буй комиссын гишүүдээс түр орлон гүйцэтгэгчийг томилохыг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болголоо.
НДШ-ээс чөлөөлөх харилцааг зохицуулсан журам батлагдлаа
Засгийн газрын энэ сарын 17-ны ээлжит бус хуралдаанаар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой харилцааг зохицуулсан журмыг баталсан тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.
Журамд, ажил нь доголдож борлуулалтын орлого нь багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын НДШ-ийг зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр журамд зохицуулжээ. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүний ажилтан хамаарахгүй аж. Харин аж ахуйн нэгж болон байгууллага гэж хуульд заасан тул ТББ-ууд хамаарахаар журмыг боловсруулжээ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх их, дээд сургуулиуд энэхүү хөнгөлөлтөд багтсан. Үүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дурын даатгуулагч зургаан сарын хугацаанд хөнгөлөлтөд хамаарна гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэлдээ тэмдэглэлээ. Ажилтны буюу даатгуулагчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингийн дунджаар тооцож бичилт хийх юм байна. Мөн ажил олгогчийн дээрх хугацаанд олгосон цалингаас тооцож чөлөөлөхөөр зохицуулжээ.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дурын даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгнөөс тооцож НДШ-ээс чөлөөлөгдөх юм байна. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээгээр шимтгэлээ төлдөг даатгуулагч 420 мянган төгрөгөөс дээш орлогынхоо НДШ-ийг сайн дураараа нэмж төлөх боломжийг журмаар нээжээ.
УОК болон аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр ажил нь зогссон, борлуулалтын орлого нь 50 хувиас дээш хэмжээгээр багассан хувийн аж ахуйн нэгжийн ажилтанд дөрөвдүгээр сарын 1-нээс долоо дугаар сарын 1 хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор журамд тусгажээ.
Ирэх долоо хоногоос Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн журмыг хэрэгжүүлнэ гэлээ. Урьдчилсан тооцооллоор, тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45.3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна.
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр өнгөрсөн сарын 30-нд гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн юм. Түүнийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв хэмээн үзэж, хүсэлтээ хүргүүлжээ.
УИХ-ын гишүүнийг чөлөөлөх санал хураалтыг нууцаар явуулдаг журамтай. Энэ дагуу нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллав. Нууц санал хураалтад 47 гишүүн оролцож, 57.4 хувь нь Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн гэдгийг тооллогын комиссын дарга танилцуулсан юм. Улмаар Б.Батзоригийн бүрэн эрхийг чөлөөлөх тогтоолыг 51.9 хувийн саналаар батлав.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны зургаадугаар сарын 14-нд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэснээр энэ удаагийн парламент 73 гишүүнтэй болж буй юм.