Альпийн нуруунд төрсөн австри алдартнууд
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Австри хэмээн дурдахуйд юуны түрүүнд Альпийн сүрлэг уулс, сонгодог чамин ур хийцтэй тансаг орд харшууд, суут хөгжмийн зохиолч Моцарт, Штраусс нарын бүтээлүүд санаанд буудаг. Австри-Унгарын эзэнт гүрнийг /50 сая/ эс тооцвол Австри улс дангаараа цөөхөн хүн амтай атал энэ нутгаас чамгүй олон алдартан төрөн гарчээ.
Моцарт
Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын
нэг Вольфганг Амадей Моцарт бол Австрийн бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон
хамгийн алдартай хүн билээ. Тэрбээр гайхамшигтай хөгжмийн зохиолч төдийгүй маш
авьяаслаг төгөлдөр хуурч байв.
Амьдралынхаа туршид 600 гаруй
симфони, концерт, цөөхүүл хөгжимд зориулсан бүтээлүүд, дуурь болон найрал
дуунуудыг зохиосон Моцартын
тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Гайдн хэлэхдээ "ийм агуу
авъяастан 100 жилд ч төрөхгүй буйзаа" гэжээ.
Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн менуэт буюу бүжгийн хөгжим байсан бол хамгийн сүүлчийнх нь дуусгаж амжаагүй реквием зохиомж юм. Моцартын хамгийн алдартай бүтээлүүд бол “Фигарогийн хурим”, “Турк цэргийн марш”, 40 дүгээр симфони билээ. Түүний төрөлх хот болох Зальцбургт жил бүр Моцартын нэрэмжит хөгжмийн наадам, Моцартын долоо хоног болдог.
Хүүхэд ахуйдаа тэрбээр есөн хоолойгоор өргөж төгсгөдөг найрал дууны хоёр хамтлагт зориулж бичсэн Аллегри гэдэг хөгжмийн бүтээлийг ганцхан удаа сонсонгуутаа шууд ноотлон бичсэн гэдэг. Уг бүтээлийн ноотны гар бичмэлийг Ромын Папын зарлигаар чандлан нууцалж хадгалдаг байсан бөгөөд найрал дуучид Аллегриг жилдээ ганцхан удаа Ватиканд толилуулдаг байв.
Моцартын зорилго нь Ромын Папын
сан хөмрөгт хадгалагддаг ноотыг охин дүүдээ төрсөн өдрөөр нь бэлэглэх явдал
байв. Пап эхэндээ тун их гайхширч байснаа Моцартын буулган бичсэн ноот нь нууцад
хадгалагдаж буй гар бичмэлтэй яг дүйж буйг хараад жаалхүүг рыцарь цол, Алтан
аргамж одонгоор шагнахаар шийдсэн гэдэг.
Өөр нэгэн тохиолдлыг өгүүлэхэд,
Венийн гудамжинд явж байхад нь нэгэн хүн Моцартаас мөнгө гуйхад тэрбээр түүнийг
дагуулан кафед оржээ. Тэгээд нэгэн цаасан дээр менуэт буюу бүжгийн аялгууг
хэдхэн минутын дотор зохиож, ноотлон бичээд хэвлэлийн газарт аваачиж өгөхийг
ядуу эрд зөвлөсөн байна. Тэр хүн заасан хаягийн дагуу очсон боловч ямар нэгэн
бүтэлтэй зүйл болно гэдэгт огтхон ч итгэхгүй байв. Гэтэл хэвлэлийн газрын эзэн
бүжгийн аялгууны ноотыг үзсэнийхээ дараа ядуу эрд таван алтан зоос өгөөд
“дахиад ийм ноотууд байвал авчирч өгч байгаарай” хэмээн найр тавьсан
гэдэг.
Эцэг хүү Штраус
Штраусын вальсууд гэхээр ихэнх
хүн мэддэг боловч яг ижил Иоганн-Батист Штраус гэдэг нэртэй эцэг хүү хоёр
хөгжмийн зохиолч бидний сонсох дуртай вальс бүжгийн аялгууг зохиосон гэдгийг
тэр бүр мэддэггүй. Хүү нь /1825–1899/ эцгээсээ арай илүү алдар хүндтэй байсан
бөгөөд түүнийг “вальсын хаан” гэж өргөмжилдөг байжээ. Харин эцэг Штраусыг
/1804–1849/ “вальсын Моцарт” гэдэг байсан бөгөөд 152 вальсын хөгжим туурвисан
байна. Хүү Штраусын зохиосон хамгийн алдартай хоёр вальс бол “Венийн ойн
үлгэрүүд” ба Вена хот төдийгүй Австри улсын албан ёсны бус сүлд дуулал гэгддэг
“Үзэсгэлэнт цэнхэр Дунай” юм. Дунайн вальс нь “2001 оны сансрын одиссей” уран
зөгнөлт кино, “Шинэ хүн аалз” кино болон “Симпсоныхон” цуврал кинонд
эгшиглэдэг.
Хүү Штраус нь эцгээсээ илүү
алдартай байсныг хүмүүс мэддэггүй байсан тухай нэгэн хууч яриа бий. Бүтээлүүд
нь олонд танигдаж байсан тэр үед бага Штраус хамт суралцаж байсан нэгэн
найзтайгаа Вена хотод тааралджээ. Найз нь ихэд баярлаж хөөрөн, хаана юу хийж
байгааг нь асууж лавлан, өнгөрсөн он жилүүдэд сураг чимээгүй алга болсныг нь гайхаж байв.
“Төмөр Арни”
Энэ хорвоо дээр нэгэнт л
авьяаслаг төрсөн бол бүх зүйлд авьяаслаг байж, ололт амжилтуудыг араасаа үргэлж дагуулж байх ёстой гэдгийг яруу тодоор
харуулсан хүн бол Арнольд Шварценеггер юм. Холливүүдийн алдартай жүжигчин, Калифорни муж
улсын захирагч асан тэрбээр Австрийн Грац хотоос холгүй орших Таль гэдэг
тосгонд 1947 онд төржээ.
Улс төр, бизнес, урлаг соёл, мэргэжлийн спорт, уран зохиол, хүмүүнлэгийн үйлс гээд олон салбарт хүчээ сорихдоо бүгдэд нь гялалзсан амжилтыг гаргаж байсан Арнольд Шварценеггер 10 гаруй жил Америкт цагаачлан амьдарсны эцэст 1983 онд 36 настайдаа АНУ-ын иргэн болж байжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Австрийн иргэншлээ хадгалан үлдсэн юм.
1970-аад онд Шварцнеггер “Олимпын мистер” цол хүртсэний дараа Гиннесийн номд түүнийг “дэлхийн түүхэн дэх биеийн хөгжил хамгийн сайтай хүн” гэж тэмдэглэсэн байдаг. Арнольд 1965 онд 18 настайдаа Австрийн армид татагдан нэг жилийн хугацаанд танкийн механик-жолоочоор алба хаасан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Алдарт “төмөр Арни” муж улсын
захирагчийн жилийн цалин болох 175 мянган долларыг буяны үйлст хандивлаж, удирдлагад нь ажиллаж буй хүмүүсийнхээ цалинг нэмэгдүүлэхэд зориулж
байв.
Хамгийн өндрөөс үсэрсэн австри
хүн
Хэрвээ та санаж байвал, 2012 онд стратосфер буюу давхраат мандлын 39 км-ийн өндрөөс нэгэн шүхэрчин үсэрч, дэлхийн рекорд амжилт тогтоосон тухай мэдээ хүмүүсийг гайхшруулж байсан билээ. Гэтэл одоо тэрхүү баатарлаг эрийн нэрийг цээжилж тогтоосон хүн бараг үгүй.
Шүхэрчний нэрийг Феликс
Баумгартнер гэдэг бөгөөд австри үндэстэн хүн юм. 39 мянган метрийн өндрөөс үсэрнэ
гэдэг бол маш их эрсдэлтэй үйлдэл бөгөөд хэрвээ сансрын нисгэгчийн хувцас буюу
скафандрт өчүүхэн төдий гэмтэл гарваас гарцаагүй үхэлд хүргэх байлаа.
Ф.Баумгартнераас өмнө Зөвлөлтийн
шүхэрчин Е.Андреев 24,5 мянган метрийн өндрөөс үсэрч дээд амжилт тогтоохдоо өөр
нэгэн шүхэрчний хамт үсэрсэн байдаг. Энэ нь тойрог замаас сансрын нисгэгчдийг
шилжүүлэн буулгах туршилт байжээ. Харин Ф.Баумгартнер Австрийн Red Bull
компанийн сурталчилгаанд оролцсон гэнэ.
Зигмунд Фрейд
Психоанализ буюу сэтгэцийн задлан
шинжилгээний онолыг үндэслэгч Зигмунд Фрейдийн /1856–1939/ бүтээлүүд нь 20
дугаар зууны сэтгэл судлал, анагаах ухаан, социологи буюу нийгэм судлал,
антропологи буюу хүн судлал болон соёлын салбарт гүн гүнзгий нөлөө үзүүлж, хувь хүний талаарх орчин үеийн
ойлголтыг бий болгосон юм.
Сэтгэл судлаач Фрейдтэй холбоотой хачирхалтай сонин үүх түүх олон бий. Харин Франкфурт хотод түүний номуудыг шатаасан хэрэг явдлыг төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Түүнд Гетегийн шагнал гардуулснаас хойш хэдэн жилийн дараа нацистууд номуудыг нь шатаажээ. Болсон явдлыг сонссон Фрейд “бид ямар том дэвшилд хүрээ вэ? Хэрвээ Дундад зууны үед байсан бол тэд намайг шатаачих байлаа, харин одоо номуудыг маань шатаагаад л санаа нь амарчихаж” хэмээн уулга алдан хэлж байсан гэдэг.
Психоанализ буюу сэтгэцийн задлан шинжилгээний талаар болон Фрейдийн өөрийнх талаар та сонирхож байгаа бол түүний үзэл бодол төсөөллийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс тун ховор байдгийг олж мэдэх болно. Гэтэл түүний онол, арга барил нь хүмүүсийг эмчлэхэд ихээхэн тус нэмэр болж байгаа юм.
Фрейдийн онолыг ихэнх хүмүүс
үгүйсгэж байдгийн гол шалтгаан бол тэд “супер-эго” гэдэг далд ухамсар оршин
буйг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршино. Үүнийг ойлгохын тулд та
өөрийнхөө амьдралыг 100 хувь удирдаж чаддаггүй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх
хэрэгтэй болно.
Ники Лауда
Формула-1 уралдааны гурван
удаагийн аварга энэ австри хүнийг зөвхөн авто спорт сонирхогчид мэддэг байсан
бол “Rush” гэдэг кино дэлгэцэнд гарснаар түүний нэр дэлхий даяар түгэв.
Германы Нюрбургринг хотын замд болсон нэгэн уралдааны үеэр тэрбээр осолд орж, машин нь шатаж, өөрөө дотор нь хавчуулагдсан байв. Хэдийгээр маш их түлэгдсэн боловч Ники шантарсангүй, хэд хэдэн хүнд мэс засал хийлгэснийхээ дараа тухайн улиралдаа багтан авто спортдоо эргэн иржээ. Тэр жил түүний өрсөлдөгч Жеймс Хант аваргалсан бөгөөд Ники, Жеймс хоёрын халз өрсөлдөөний талаар “Rush” кинонд өгүүлдэг байна. Харин дараа жил нь Ники хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Уралдааны явцад маш нарийн тооцоолол хийдэг түүнийг “компьютер” гэж хочилдог байжээ.
Томоохон үйлдвэрийн эзний хүү тэрбээр эцэг эхийнхээ зөвлөгөөг үл хайхран авто уралдаанчийн замналыг сонгосон бөгөөд хэдийгээр осолд орж хүнд гэмтсэн боловч 70 насыг зооглоод 2019 онд таалал төгсжээ.
...Эдгээр алдартнуудаас гадна
Австри орноос төрөн гарсан алдартай
эрдэмтэд цөөнгүй бий. Тодруулбал, Австрийн
иргэншилтэй болон тус улсын нутаг дэвсгэрт төрсөн нийтдээ 14 хүн Нобелийн
шагнал хүртсэн байдаг.
Уг шагналыг хүртсэн анхны австри
хүн бол Берта Зуттнер бөгөөд тэрбээр Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн анхны
эмэгтэй, Мария Кюригийн дараа Нобелийн шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй юм.
Мөн Зуттнерээс гадна зохиолч, яруу найрагч Эльфрида Елинек гэдэг австри эмэгтэй
Нобелийн шагналтан болсон байна.
Уг шагналыг хүртсэн хамгийн залуу
австри хүн бол Роберт Барани /38 настай/, хамгийн өндөр настай хүн бол Карл
Фриш /87 настай/ нар юм.
Өдгөө Австрийн Нобельтнуудаас Эльфрида
Елинек /72 настай/, Мартин Карплус /88 настай/ нар амьд сэрүүн байна.