Хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-29 14:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх төрийн ээлжит алхмууд



Улсын онцгой комисс өнгөрч буй долоо хоногт хоёр ч удаа хуралдаж, коронавирус (COVID-19)-ний эрсдэлээс сэргийлэх талаар тодорхой шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал энэ сарын 24-ний хуралдаанаараа БНСУ-д шинэ коронавирусний халдвар хурдацтай тархаж буй тул ирэх сарын 2-ныг дуустал БНСУ-аас ирэх, очих бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн  авчрахаар Солонгосын талтай тохирсон байна.


Харин энэ сарын 26-нд хуралдахдаа дээрх шийдвэрийнхээ хугацааг ирэх сарын 11-ныг дуустал болгон сунгаснаас гадна мөн хугацаанд Монгол, Японы ирэх, очих нислэгийг цуцаллаа. Улмаар хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг энэ сарын 27-ныг хүртэл түр зогсоосон байсан шийдвэрийг ирэх сарын 9-н 08.00 цаг хүртэл сунгалаа. Түүнчлэн төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг ирэх сарын 30-ныг дуустал хориглож, цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн "COVID-19"-ийн талаар санаатай болон санамсаргүйгээр худал, ташаа мэдээлэл түгээсэн этгээдэд хариуцлага тооцох болов. Мөн өвчний голомттой, халдвар бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн, Улсын Онцгой комисс болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.



Монгол Улсын Засгийн газар энэ сарын сарын 26-нд ээлжит бусаар хуралдаж, "COVID-19"-ийн эрсдэлээс сэргийлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийх болсон. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм. Манай улсын хэмжээнд 771 мянга 805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400 мянга нь ахмад настан, 350 мянга нь архаг хууч өвчтэй, 4000 нь сүрьеэтэй, 16 мянга нь хорт хавдартай, 1000 нь бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг, 524 нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй бол 281  иргэн ХДХВ/ДОХ-ын халдвартай байна.


Хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан айлчлал



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд БНХАУ-д айлчиллаа. Айлчлалын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, COVID-19-ийн халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцсоноос гадна Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж буйг дуулгасан. Мөн ноён Си Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг зогсоох нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.



БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад үүссэн нөхцөл байдлыг үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж, халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолсон. Улмаар БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын бүрэлдэхүүнийг энэ сарын 27-ны 22.20 цагт эх орондоо ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлав. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан юм.


Монгол Улсын эдийн засгийг дэмжих Засгийн газрын тогтоол



Засгийн газрын энэ сарын 28-ны ээлжит хуралдаанаар коронавирусний халдвараас сэргийлэх онцгой дэглэмийн үед Монгол Улсын эдийн засгийг дэмжих тогтоол баталсан байна. Тогтоолд нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалын экспортыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлэхээр тусгажээ.


Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлт, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан жолооч нүүрс, газрын тос болон ашигт малтмал тээвэрлэн хилээр гарсан бол тухайн өдөртөө буцаж орж ирдэг байхаар зохицуулжээ. Одоогоор Оюутолгойн ордын зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тээврийн автомашиныг бүрэн ариутгаж, жолоочид хамгаалалтын хувцас өмсгөж байгаа аж. Тиймээс энэ жишгийг бусад экспортод нэвтрүүлэх болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.


Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөвчлөх хэд хэдэн зохицуулалтыг тогтоолд нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аж ахуйн нэгжүүд ажилтнынхаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд алданги, торгууль ногдуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг тусгасан байна. Мөн татвараа төлж чадаагүй аж ахуйн нэгжид торгууль ногдуулахгүй, алданги тооцохгүй байх, түрээсийн төлбөрөө буулгасан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудын орлогын татварыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болжээ. Үүнээс гадна аж ахуйн нэгж улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа ажил үйлчилгээний авлагаа татвартаа суутгах боломжийг бүрдүүлэх аж.



Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Улсын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 210 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч энэ жил төсөвт тодотгол хийхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засаг тодорхой хэмжээнд агшиж байгаа. Энэ үед хөрөнгө оруулалтыг зогсоох нь сөргөөр нөлөөлөх тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих тендерийн ажлаа гүйцэтгэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нар үүрэг болгож байна. Өнгөрсөн 2-3 жилд эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулах, өрийн дарамт бууруулах зорилт тавин ажилласан. Ингэснээр 8.2 их наяд төгрөгийн өр дарсан. Тиймээс нэг жилийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулах боломж төсөвт бий. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 4 сая тонн нүүрс экпортолсон байсан. Харин энэ жилийн эхний хоёр сард 2.7 сая тонн нүүрс гаргасан. БНХАУ Монгол Улсаас нүүрс авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн” гэлээ.


Мөн Засгийн газрын хуралдаанд Монголбанкнаас үүсээд буй нөхцөл байдлын үед авах арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сарын эхээр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг бууруулах эсэх талаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах талаар иргэд ярьж байгаа. Төвбанкны тухай хуульд ийм боломж байхгүй. Үүнийг арилжааны банк болон харилцагч өөрсдөө гэрээгээ өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтой” гэлээ.


Төрдөө туслах иргэдийн хандив



Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Тиймээс ч иргэд төрдөө туслахаар хандив өргөж эхлэв. Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа Улсын Онцгой комисст хандивлаж, энэ сарын 27-нд гардуулсан юм.



Мөн Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст энэ сарын 28-нд 20 сая төгрөг хандивлалаа. Тэрбээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхээр Засгийн газар, Улсын Онцгой комиссын цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж буйд талархал илэрхийлэв. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган алба хаагчдад талархал дэвшүүлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн мөрдөж өөрийгөө болон гэр бүлээ аюулт өвчнөөс урьдчилан хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалав.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэсэн юм.


Үүнээс гадна НҮБ-ын бүх салбар байгууллагад ажиллаж буй албан хаагчид Монгол Улсад нэг өдрийн цалингаа хандивлах болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 28-нд мэдээлэв. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг тухайн өдөр хүлээн авч уулзсан. Уг уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудад товч мэдээлэл өгөхдөө дээрх хандивын талаар онцолсон юм.



Тэрбээр, “Монгол Улс COVID-19 тархах эрсдэлтэй орнуудын нэг. Тодруулбал, вирусний халдвар анх тархсан БНХАУ-тай 4700 км газар нутгаар хиллэдэг. Түүнчлэн вирус эрчимтэй тархаж буй БНСУ-д Монголын 49 мянган иргэн амьдарч байгаа юм. Уулзалтын үеэр COVID-19 Монгол Улсад тархахаас сэргийлэхээр ажиллаж буй төрийн албан хаагчид, эмзэг бүлгийнхэнд зориулж 500 мянган амны хаалт олгох хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчид тавьсан. Энэхүү хүсэлтийг минь хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ Суурин төлөөлөгч хэлсэн. Түүнчлэн НҮБ болон ДЭМБ-аас Монгол Улсад нэн шаардлагатай оношлуур болон бусад тоног төхөөрөмж, эм хандивлахаар жагсаалт гаргаж байгааг дээрх хоёр байгууллагын төлөөлөгч хэллээ” гэв.

Связанные новости