Оросын Ерөнхийлөгчийн цуврал ярилцлагыг интернэтээр цацах тусгай төсөл хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-20 12:48:13

МОСКВА. /TASS/. Гурван цаг үргэлжлэх дүрст бичлэгийн ярилцлагад тулгуурласан “Владимир Путинээс асуух 20 асуулт” гэдэг нэртэй тусгай төслийг ТАСС агентлаг эхлүүллээ. Орос улсад дундаж анги давхарга гэж бий юү? Ерөнхийлөгчид сөрөг хүчин байх хэрэгтэй юү? Армид их хэмжээний зардал төсөвлөсөн нь ямар учир шалтгаантай вэ? Үндсэн хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт өөрчлөлтүүдийн гол санаа нь юу вэ? Засгийн газрыг яаран огцруулсан нь юутай холбоотой вэ? гэх зэрэг олон асуултын хариуг дээрх төсөл өгөх болно. Тусгай төсөл нь Владимир Путин төрийг удирдсан 20 жилийн хугацаан дахь завсрын үе бүрийн үр дүнг нэгтгэн дүгнэх зорилготой юм. 2000 оны гуравдугаар сарын 26-ны өдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин анх удаа ялалт байгуулсан билээ.      


“Энэ бол ТАСС төдийгүй орос хэл дээрх интернэтийн хувилбар болох Рунет-ийн хувьд анхны ийм төрлийн төсөл юм” гэж ТАСС-ын ерөнхий захирал Сергей Михайлов ярьж байна. В.Путиний ярилцлага бол интернэтийн сүлжээнд тусгайлан зориулсан, интернэтийн дүрмээр хийсэн ярилцлага бөгөөд дуу дүрсний чанар маш сайтай, нэмэлт график ашигласан болно. Телевизийн төслүүд үндсэндээ тоон системд оршин тогтнож буй өнөөгийн нөхцөлд энэ бол бараг л түүхэн үйл явдал мөн гэж би бодож байна. Ийм төслийг ТАСС санаачлан хэрэгжүүлж байгаад баяртай байна. Бид аливаа мэдээллийг анхдагч эх сурвалжаас авахаас гадна орчин үеийн форматуудыг туршин хэрэглэхийг байнга эрмэлздэг” гэж С.Михайлов ярилаа.     


20-иос илүү тооны асуулт тавьж байгаа боловч 20 үндсэн сэдэв ба чиглэлийг хамарч буй уг ярилцлагыг сэтгүүлч Андрей Ванденко хөтлөн явуулна. “Энэ бол ТАСС-ын хувьд ч, миний хувьд ч зарчмын цоо шинэ төсөл. Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн ярилцлага авах миний гол ажил байсан. Асуудлын гол нь ярилцагчийн нийгэмд эзлэх байр суурь, дүрст формат гэдэгтээ биш. Хамгийн гол нь 3 цагийн ярилцлагын явцад В.Путиний 20 жилийн ажил амьдралыг хамарч буй 20 өргөн хэмжээний сэдвээр ярилцах явдал юм. Түүнчлэн 20 бие даасан жижиг ярилцлагаас бүрдэх цуврал гаргах бодол бий. Ямархуу үр дүнд хүрэхийг харцгаая. Мэргэжлийн хувьд өөрийгөө сорих боломж олгосон ТАСС-ын хамтран ажиллагч нөхөддөө талархаж байна” гэж А.Ванденко ярилаа.   


Ярилцлагын бичлэгүүдийг бүтэн сарын хугацаанд /2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 25/ долоо хоногт 3-4 удаа үзүүлнэ. Харин 26-ны өдөр гэхэд киноны бүтэн хувилбарыг бэлэн болгож үзүүлэх аж. Цувралын анги бүр нь тоон мэдээлэл, баримтууд, ишлэлүүд ба график зураглал бүхий инфографиктай. Төслийг орос, англи хэлээр бэлтгэсэн ба цувралын анги бүрийн бичвэрүүдийг роликийн дороос унших боломжтой. Түүнээс гадна, англи хувилбарын дор араб, хятад хэлээрх хадмал орчуулгууд бий. Орос хэлээрх хувилбарыг байрлуулах платформ нь “Нэг ангийнхан” гэдэг нэртэй нийгмийн сүлжээ байх бөгөөд уг сүлжээгээр төслийн эхний цувралуудыг хамгийн түрүүнд үзүүлэх юм.  


Связанные новости