Арьс ширний салбарын технологи, инновацын загвар төв болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-07 13:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, үйлдвэрлэлийн "Армоно" корпорацын шинжилгээний лаборатори стандартын шаардлага хангасан, арьс ширний салбарт итгэмжлэгдсэн лабораторийн ажиллагааг тасралтгүй гүйцэтгэж салбарын экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тус байгууллагад ажиллаж удирдлага, эрдэм шинжилгээний ажилчидтай уулзлаа. 

Тэрээр, "Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбарын нэг болгоход чиглэсэн шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжлийг хангахад хийх зүйлс ч их, бидэнд чадавх нөөц боломж ч их байна" хэмээн дурдлаа. Цаашид арьс шир, мод, ноосны чиглэлээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг шийдэх, арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламж зэрэг салбарт тулгамдаж байгаа зүйлийг нэн тэргүүнд шийдвэрлэх чиглэлд ажиллах хэрэгтэйг анхааруулав.

“Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорац” ТӨААТҮГ-ын "Армоно" корпорац анх 1970 онд, хуучнаар Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны харьяанд “Арьс, шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв” нэртэйгээр НҮБ-ын ЮНИДО-гийн тусламжаар ДП МОН 70/506 төслийн хүрээнд арьс ширний салбарт тусгайлан зориулж байгуулсан юм.


Энэ хугацаанд арьс, шир, үслэг боловсруулах, хаягдал ашиглаж материал үйлдвэрлэх чиглэлээр 192 технологийн заавар, шинжилгээний аргын болон техникийн шаардлагын 148 стандарт батлуулж, 17 патент оновчтой санал боловсруулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Улсын буюу ХХААХҮЯ-ны захиалгат шинжлэх ухаан технологийн 18, инновацын-4, докторын дараах судалгааны грант-3, ХААИС-тай хамтарсан -1 төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Тус байгууллагын шинжилгээний лаборатори нь 2002 оноос MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага ханган арьс ширний салбарт итгэмжлэгдсэн лабораторийн ажиллагааг тасралтгүй гүйцэтгэж салбарын экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж  байна.

Корпорацын эрдэмтдийн багийн судлан бий болгосон “Бөсгөсөн шохой:  инновацын бүтээгдэхүүн" нь төр, шинжлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан тул Инновацын үзэсгэлэн-2018-ны шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан юм. 

Цэвэрлэх байууламжийн лагийг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлт, ХАА, мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд хүхрийн давхар ислийг бууруулах зэргээр импортыг бүрэн орлосон техникийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон юм.


Связанные новости