В.Зеленский Итали, Ватиканд хоёр өдөр айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-07 12:08:55

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёр өдрийн айлчлал хийхээр Итали улсыг зорилоо. Тэрбээр тус улсын эрх баригчидтай хэлэлцээ хийснийхээ дараа Ватиканд айлчилж, Ромын тэргүүн хамба лам Францистэй уулзана.


Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас урьд нь мэдээлснээр, В.Зеленский баасан гарагт Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелло болон тус улсын Ерөнхий сайд Жузеппе Контетой уулзана. Харин бямба гарагт Ватикан улсад албан ёсоор айлчилж, Ромын тэргүүн хамба лам Францистэй уулзахаар төлөвлөжээ. Үүнээс гадна, тэрбээр Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга Пьетро Паролин, Гадаад хэргийн сайд буюу улс орнуудтай хийж буй харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Пол Ричард Галлахертай уулзана.


Ромын католик сүмийн тэргүүн Украины мөргөлдөөнийг зогсоохыг нэг бус удаа уриалсан билээ. Тэрбээр мөргөлдөөний улмаас хохирсон Украины иргэдэд хандив цуглуулахаа зарласан бөгөөд Ватикан улс хүмүүнлэгийн болон буяны янз бүрийн байгууллагуудаар дамжуулан 16 сая еврогийн тусламжийг Украины зүүн нутгийн иргэдэд үзүүлжээ.


2019 оны долдугаар сарын эхээр Ромын Пап Украины байдал болон мөргөлдөөний улмаас хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор тус улсын үнэн алдартны шашны төлөөлөгчдийг Ватиканд хүлээн авч уулзжээ.


Связанные новости