Өрхийн үйлдвэрлэлээс гигантуудыг төрүүлэх суурь
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 78 мянга орчим ААН байна. Үүнээс 60-аад мянга нь ЖДҮ, үйлчилгээний салбарынхан юм.
Нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийн хөгжлийг өрхийн үйлдвэрлэл төдийгөөр харах уу, технологийн эринд бизнесийн томоохон гигант компаниудыг төрүүлэх суурь болгох боломж бий юу гэдгийг шинээр гараад буй “Бөгтөр ЖДҮ" номд хөндөж, энэ талаар хаана хаанаа анхаарах цаг болсныг тусгажээ.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос санаачлан сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нарын бичсэн уг номд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ачааны хүндийг үүрч, нийгмийн ороо бусгаа нөхцөл байдал, хууль эрх зүйн тээг саадыг даван туулж, өсөж өндийхөөр зорьж яваа ЖДҮ нар саяхныг хүртэл олон нийт төдийлөн анзаардаггүй, төрийн бодлогын гадна байсаар ирснийг бодитоор, нэмэлт, хачиргүй тусгасан байна.
ЖДҮ нар дарагдаж, нугачуулж, бөгтийж байгаа ч хэрээрээ тэмцэн зүтгэсээр байна гэдэг санааг уг номд гол болгожээ. ЖДҮ-ийн талаарх бүх мэдээллийг багтаасан уг номын ерөнхий редактороор СГЗ, сэтгүүлч И.Ренчинханд ажилласан байна.