Монголд ачааны вагон угсрах үйлдвэр байгуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Беларусь улсад айлчилж байна.
Тэрээр тус улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй уулзах үеэр тус улсын Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах санал тавив.
Тодруулбал, Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны парк нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Энэ хүрээнд ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломжийг судалж, эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Беларусийн талаас дээрх саналыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцолсны зэрэгцээ санхүүжилтийг шийдвэрлэхэд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг авч ашиглах боломжтойг дуулгав. Учир нь хоёр улсын байгуулсан 50 сая еврогийн зээлийн шугамын хүрээнд шийдэх боломж байгаа талаар ярилцлаа.
Мөн монголчуудын сайн мэдэх Беларусийн "МАЗ", "Белаз", Минскийн тракторын үйлдвэрүүд Монголын нөхцөлд нийцсэн бүх төрлийн ачааны машин, тусгай зориулалтын техник, автобус нийлүүлэх талаар ярилцав. Монголын авто замын засвар арчлалтыг сайжруулахад уг техникийн хэрэгцээ шаардлага их байгааг дуулгаад санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Беларусь улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байгаа юм.