Монгол, Уругвайн ГХЯ хоорондын Улс төрийн II зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-03 10:48:37

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 30-нд Монтевидео хотноо болов.


Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол, Уругвайн харилцаанд гарсан ололт амжилтыг дүгнэн хэлэлцлээ. Цаашид хамтын ажиллагаагаа эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад анхаарч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол болон энхийг сахиулах зэрэг тэргүүлэх салбарт өргөжүүлэх боломж бололцооны талаар санал солилцов. Ингэхдээ хоёр улсын бизнес эрхлэгчид хооронд холбоо тогтоож, харилцан сонирхсон салбар, чиглэлд хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэхийн чухлыг талууд харилцан нотоллоо.


Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 онд цахимаар зохион байгуулж, талууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх салбар чиглэлийг тодорхойлж байсан бол энэ удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өргөжүүлэх тодорхой асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Уругвайн ГХЯ-ны Улс төрийн асуудал эрхэлсэн газрын захирал Мартин Витал нар тэргүүлэн оролцлоо.

 

Связанные новости