Монгол компани БНХАУ-ын зах зээлд оюуны өмчөө бүртгүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын "Түмэн торго" ХХК "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-аа БНХАУ-ын Оюуны өмчийн газар бүртгүүлээд байна. Ингэснээр Монголын бүтээгдэхүүн урд хөршийн зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болж байна.
"Түмэн торго" ХХК "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-аа БНХАУ дахь МҮХАҮТ-ын харилцагч хуулийн фирмээр дамжуулан тус улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна. "Түмэн торго" ХХК-ийн захирал Б.Очирням бүртгүүлсэн патентаа өнөөдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинээс гардаж авлаа.
Ийнхүү бүртгүүлснээр тус компани Хятадын зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх, өмчийн эрх алдагдсан тохиолдолд гомдол гаргах, үйлдвэрлэлийг зогсоолгох, нөхөн төлбөр нэхэмжлэх онцгой эрх баталгаажсан анхны монгол үйлдвэрлэгч болж байна. Патент авснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дуураймал, хуурамч бүтээгдэхүүн худалдахаас сэргийлэх, ийм зөрчил илэрвэл зогсоох эрх нээгддэг бөгөөд патенттай бүтээгдэхүүнийг бусдад төлбөртэй ашиглуулах, патентаа барьцаалж зээл авах гэхчлэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог.
Тус компани 2017 онд МҮХАҮТ-аар итгэмжлүүлж, "Зохиомжит хэвлэмэл хээтэй торгоны загвар"-ын патентаа манай улсын Оюуны өмчийн газраас авч байсан юм.
Тодруулга: МҮХАҮТ 1970 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, бусдын оюуны өмчийг хүндэтгэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалттай худалдаа, үйлдвэрлэлийг хуулбарлахгүй байх зэрэгт онцгой анхааран үйлдвэрийн өмч болох патент, барааны тэмдгийн талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах, зуучлал хийх зэргээр ажиллаж байна.
Б.Болд