Монгол эмийг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Энэтхэгийн бизнес форум байв. БНЭУ-ын ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан тус форумд 200 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Оюун санааны хөршүүд гэгддэг Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эм хангамж, хүнд үйлдвэр, хүнсний салбарт голлон түншилдэг. Хоёр орны худалдааны эргэлт 2017 онд 32 сая ам.доллар байсан бол 2018 онд 52.7 сая болж 40 хувиар өссөн. Харин 2019 онд 38 сая ам.доллар болж өмнөх оныхоосоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монгол-Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжнө гэж албаны хүмүүс үзэж байна.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг: “Манай хоёр улс хоёулаа ДХБ-ын гишүүн. Энэ байгууллагын гишүүн орнууд хоорондоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар гаалийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Саяхан буюу өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх шийдвэрийг УИХ-аас соёрхон баталсан нь энэ оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хэлэлцээрт Энэтхэгээс гадна Хятад, Өмнөд Солонгос, Бангладеш, Лаос, Шри-Ланк зэрэг улс гишүүнээр нэгдсэн. Ингэснээр манай ААН-үүд эдгээр улсад 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30-40 хувийн гаалийн татварын хөнгөлөлттэй экспортолно. Эргээд дээрх улсаас Монгол Улсад үйлдвэрлэдэггүй буюу өндөр өртгөөр бүтдэг 390 төрлийн барааны импортод 10-30 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм” гэлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: “Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дели хотноо болсон Монгол-Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн форумд хоёр орны 100 орчим ААН оролцсон. Хоёр улсын өндөр дээд хэмжээний уулзалтууд идэвхжсэнээс хойш тус улсын бизнес эрхлэгчид манайхыг ихээр сонирхож байна. Эдийн засгаа тэлэхийн тулд бидний хувьд экспортоо нэмэгдүүлж хөрөнгө оруулалт татах нь чухал. Одоогоор манай улсад мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз байгуулах 20 сая ам.долларын төсөл, Эмийн үйлдвэр барих 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхлээд байна” гэв.
Монгол Улс БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү төслийн санхүүжилтэд Энэтхэгийн Засгийн газар 1 тэрбум ам.доллар олгох байснаа 236 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Энэ нь тус улсаас гадаад улсад олгож буй хамгийн том хөнгөлөлттэй зээл болж буйгаараа онцлогтой.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх: “Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, Энэтхэгийн 1.23 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монголд Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил энэ онд эхэлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд жил бүр 40-50 оюутныг Энэтхэг улсад тэтгэлгээр сургаж, 2024 онд үйлдвэр ашиглалтад орох үед мэргэжилтнүүдийг бэлэн байлгахад анхаарч байна. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн сургалтын бааз, цахим аюулгүй байдлын сургалтын төвийн барилгын ажил мөн энэ жил эхэлнэ. Манай улс гангийн үйлдвэрлэлээ 2.5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд дэлхийд чанартайд тооцогддог Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тээвэрлэж авах талаар ярилцаж байна. Өнгөрсөн онд Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн 3 томоохон компанийн төлөөлөл Монголд ирж холбогдох хүмүүстэй уулзсан. Энэ ажил эрчимжинэ гэж итгэж байна” хэмээв.
Энэтхэг улс АНУ-д жилдээ 20 тэрбум ам.долларын эм бэлдмэл экспортолдог, эм хангамжийн салбарын томоохон тоглогч юм. Манай улс Энэтхэг улсаас эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ихээр импортолдог ч монгол эмийг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлэхээр дотоодын үйлдвэрлэгчид ажиллаж эхэлжээ.
Монос группийн ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатар: Энэтхэг улс Аюрвед буюу уламжлалт анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Аюрведийн анагаах ухаанаас Хятад, Вьетнам, Япон, Төвөдийн уламжлалт анагаах ухаан үүссэн бол Төвөдийн анагаах ухаанаас Монголын уламжлалт анагаах ухаан салбарлан хөгжсөн. Өөрөөр хэлбэл, дорнын уламжлалт анагаах ухаан Энэтхэгээс гаралтай бөгөөд дэлхийд уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн яамтай ганц улс нь Энэтхэг улс юм. 1980 оноос Энэтхэгийн эм бэлдмэл манай зах зээлд эрчимтэй нэвтэрсэн. Монос групп Энэтхэг улсын 6 эмийн пүүсээс 80 гаруй төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж импортолж байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёр дахь томоохон зах зээлд монгол эм бэлдмэлийг таниулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус улсын хамгийн том эмийн пүүс болох Дабуртай хамтран зах зээл, экспортлох боломжтой эмийн судалгааг хийж байна” гэв.