Валютын ханш 8 төгрөгөөр өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг америк доллар өнгөрсөн 7 хоногийн байдлаар Монголбанкны албан ханшаар 2742 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг оны эхний 7 хоногийнхтой харьцуулахад 8 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Ам.долларын ханш өнгөрсөн оны эхний 8 сар тогтвортой байсан ч сүүлийн саруудад тогтмол өсөж, 280 гаруй төгрөгөөр өсөж ирсэн юм. Монголбанкнаас ханшийн огцом савлагааг зохицуулах үүднээс гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Өнгөрсөн 7 хоногт 2 удаагийн дуудлага худалдаагаар нийт 117 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна. Цаашид валютын ханшийг тогтворжуулах хэмжээний валютын нөөц бий гэдгийг Төвбанк мэдээлж байгаа юм.
ҮСХ-ноос мэдээлснээр, монгол төгрөгийн валюттай харьцах сарын дундаж ханш энэ онд 2727 төгрөг байсан нь өмнөх оны эцсээс 3.4 хувиар суларчээ.
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар БНХАУ-ын юань 398 төгрөг байгааг өмнөх 2 сарын байдалтай харьцуулахад 6 төгрөгөөр өсөөд байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын рублийн ханш бага зэрэг чангарч 44 төгрөгийн ханштай болжээ.