Иракийн парламент гадаадын цэргийн оролцоог зогсоохыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-06 08:30:23

КАИР. /TASS/. Иракийн парламент ням гарагт явуулсан санал хураалтаараа тус улсад гадаадын цэргийн оролцоог зогсоохыг дэмжлээ гэж телевизийн “Al Arabiya” суваг мэдээлжээ.


Иракийн Төлөөлөгчдийн зөвлөлийн яаралтай хурлаар батлагдсан тогтоолд "тус улсад гадаадын цэргийн хүчний оролцоог, түүнчлэн терроризмтой тэмцэх олон улсын эвслийн хүчинтэй байгуулсан аюулгүй байдлын гэрээний хүрээнд явуулж буй ажлыг зогсоохыг Засгийн газарт үүрэг болгосон байна”.


Тодруулбал, парламентын шийдвэрийн дагуу “Засгийн газар гадаадын ямар нэгэн цэргийн оролцоог зогсоох, тус улсын агаарын орон зайг ашиглахыг хориглох, мөн террорист “Лалын улс” байгууллагатай тэмцэхэд туслах тухай терроризмтой тэмцэх олон улсын эвсэлд гаргасан хүсэлтээ буцааж авах талаар бодит алхмуудыг хийхээр болжээ”.


АНУ Иракийн нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсний дараа улс орны байдал эрс хурцадсантай холбоотойгоор тус улсын  парламент  хуралджээ. Энэ сарын 2-нд өгсөн цохилтын улмаас Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч, генерал Касем Сулеймани болон шиит шашинтнуудын "Аль-Хашд аш-Шааби" бүлэглэлийн толгойлогчийн орлогч Абу Махди аль-Мухандис амиа алдсан билээ.


Связанные новости