Нийт арилжааны дүн 143 тэрбум төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 2019 онд
нийт арилжааны үнийн дүн 143 тэрбум төгрөгт хүрсэн амжилтаар шинэ онтойгоо
золголоо.
4 компани үнэт цаасаа шинээр гаргаж,
42.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн
29 жилийн түүхэн дэх анхдагч зах зээлийн арилжааны хамгийн өндөр дүн болсон
байна.
Мөн хөрөнгийн зах зээлд шаардлагатай байгаа гадаадын
мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг төлөөлөл БНСУ-ын “Райнос Эссет менежмент” компани Монголд салбар
компаниа нээж Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулж
эхлээд байна. Түүнчлэн дотоодын сангуудыг бий болгох зорилгоор МХБ
нь “Хаалттай хамтын сангийн нэгж эрхийг бүртгэлийн журам”-ыг санаачлан
батлуулж сангийн нэгж эрхийг бүртгэн, арилжаалах эрх зүйн орчинг бүрдүүлээд
байна.
Мөн хөрөнгийн
зах зээлийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх
зорилгоор 10 аймаг 6 суманд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг
зохион байгуулав. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болох хөрөнгийн зах зээлийн
суурь мэдлэг олгох сургалтыг “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран 21 аймаг 330
сумын 54.000 гаруй иргэдэд явуулжээ.
Энэ
2020 онд Монголын Хөрөнгийн бирж дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий
болгоход онцгойлон анхаарч тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, хөрөнгө оруулалтын
сангийн эрх зүйн орчны шинэчлэлд оролцон ажиллахаа мэдэгдэж байна. Монгол Улсын
2.5 сая иргэний эзэмшиж байгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг бүртгэн
арилжаалах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ.