Тавин саяас доош борлуулалттай ААН тайлангийн хялбаршуулсан горимд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-26 16:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор олон улсын байгууллага болон хөрөнгө оруулагч нарт ногдуулах давхар татварыг арилгах зэрэг татварын өөрчлөлтийн талаар өнөөдөр “Блью Скай” зочид буудалд болсон “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” чуулганаар хөндөв.

УИХ-аас энэ онд шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулийг дагаад 30 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Эдгээр хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээр бид татварын шинэ орчинд ажиллаж эхлэнэ” гэдгийг чуулганыг зохион байгуулагч Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн зөвлөх үйлчилгээ, менежментийн хорооны дарга Д.Энхсайхан тодотгов.


Тэрээр, манай улс олон улсад орлого шилжүүлэх замаар татвараас зайлсхийх үйл ажиллагаатай тэмцэх олон улсын хөтөлбөрт нэгдэн орох шаардлагатай байгааг, “Олон улсад үндэстэн дамнасан зарим корпорациуд өндөр хөгжилтэй улсаас их хэмжээний татвар ногдох орлогыг бага татвартай улс руу шилжүүлэх болсон. Үүнтэй тэмцэхээр улс орнууд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрт нэгдэж орохын тулд татварын хуулиудад зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна” гэдгээр учирлаж байлаа.

Ингэж байж манай улс олон улсын татварын харилцаанд шилжинэ. Үүнтэй холбоотой үнэ шилжилтийн тайлангийн зохицуулалт орж ирж байгаа. Ингэснээр татварын ил тод байдлыг хангах, олон улстай харилцах боломжууд нээгдэж байна. Тэр дундаа манай улс оффшор бүсэд байдаг улсаас татварын зорилгоор мэдээлэл солилцох боломжтой болно гэдгийг онцоллоо.


Өнөөдрийн чуулганаар татвар төлөх хугацааны хөнгөлөлт, тайланд залруулга оруулах эрх, татвар ногдох орлогоос хасагдах зарлага, хяналт шалгалтын уян хатан байдал, татварын тайлангийн хялбаршуулсан журам зэрэг Татварын багц хуулийн шинэчлэлүүдийг мөн хөндөн танилцуулав.

Тухайлбал, ААН 6 тэрбумаас дээш орлоготой бол жилд 4 удаа, доош бол 2 удаа татвар төлнө. Харин борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас доош компани, ААН татварын албанд хүсэлт гаргаснаар хялбаршуулсан горимд шилжинэ. Ингэснээр нийт орлогын дүнгээр тооцож, нэг хувиар татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл, жилд ганцхан удаа татвар төлөх талаар танилцуулав.


Татварын тайланг жилийн хугацаанд залруулах боломж олгож байгаа. Мөн тодорхой шалтгааны улмаас татварын өрөө төлж чадахгүй байгаа тохиолдолд 2 жил хүртэлх хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах уян хатан зохицуулалт оруулж өгсөн. Үүнээс гадна эрсдэлгүй татвар төлөгчдийг тэр бүр шалгаад байхгүйг Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн тодотгож байв.

Ирэх оноос НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно. Орон сууц анх удаа хувьдаа худалдаж авсан иргэдийн татварын хөнгөлөлт өмнө нь гурван сая төгрөг байсан бол одоо зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлж байна. Алслагдсан орон нутагт хувиараа бизнес эрхэлж буй иргэд, ААН-үүд татварын 50-90 хувийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэж байгаа зэрэг Татварын багц хуульд орсон шинэчлэлийн талаар танилцууллаа.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости