Г.Амартүвшин: Хөгжлийн банк эдийн засгийг төрөлжүүлэх, урт хугацааны зээл олгодгоороо онцлог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-26 15:38:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк энэ онд банкны удирдлагын засаглалыг сайжруулах, ашигт үйл ажиллагааг дээшлүүлэх, зээлийн багцын чанарт анхаарч ажилласныг тус банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Кемпински” зочид буудалд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээллээ.

Тодруулбал, банкны бүтцэд тусгай актив хариуцсан хэлтэс байгуулан ажиллаж байна. Ингэснээр өнгөрсөн 5 сард 4 тэрбум гаруй төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ.

Засгийн газар, Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дагуу чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс бүтцийг анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулан шинжилж орон тоо, чиг үүргийн давхцалуудыг арилгаж нэгтгэснээр үйл ажиллагаанаас 3.1 тэрбум төгрөг, 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр тус тус хэмнэж, ирэх онд өнгөрсөн оноос бага төсөвтэй ажиллахаа онцлов.


Цаашид хүний нөөцийг чадавхжуулж, мэргэжлийн боловсон хүчний бүтцээр олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, чанарын удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ бүхэн бүтэц, зохион байгуулалтын талаар хийсэн ажлууд нь аж.

Бодлогын хувьд, улстөрөөс аль болох ангид, хараат бус байж, ингэснээр ашигт үйл ажиллагаа руугаа анхаарч, зээлийн багцын чанар дээр ажиллаж байна гэв.

Тус банкны нийт актив хөрөнгө энэ оны эхний 11 сард 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг болоод байна. 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээл дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч хамаарч байгаа гэв. Прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна. Түүнээс гадна чанаргүй 14 зээлдэгч дээр 45.9 тэрбум төгрөгийн дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.

Нийт 353 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилжээ.


Ингэх шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй байгаа нөхцөлд тодорхой хугацаа өгч, заавал шүүхэд хандахгүйгээр зээлийг нь төлүүлэх боломж олгох чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.


Засгийн газраас 2018 онд шинэчлэн баталсан “Ноолуур” хөтөлбөрийг дэмжин өнгөрсөн 2 жилд нийт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөөр 34 үйлдвэрийг санхүүжүүлэн ажилласнаа энэ онд үргэлжлүүлж, тус салбарын зээлийг энэ онд удаахгүй буюу Цагаан сарын дараа олгохоо мэдэгдлээ.


Бүтээн байгуулалтын санхүүжилтийн хувьд мөн энэ оны эхний 11 сарын байдлаар 620.1 тэрбум төгрөгийн зээлийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд олгоод буйг дуулгалаа. Үүнд:

  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 тэрбум төгрөг,
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын дэд бүтцийн салбарт 107.2 тэрбум төгрөг, уул уурхай, олборлолтын салбарт 83.8 тэрбум төгрөг,
  • Бусад салбарт 113.7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

“Бид эдийн засгийг төрөлжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий, арилжааны банкууд дангаар санхүүжүүлэх боломжгүй, эдийн засгийн үр өгөөжтэй, экспортод чиглэсэн, урт хугацааны хөгжлийн, үйлдвэрлэлийн зээлийн санхүүжилтийг олгодгоороо онцлогтой” хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин тодотгож байв.

Тухайлбал, Засгийн газраас 2018 онд шинэчлэн баталсан “Ноолуур” хөтөлбөрийг дэмжин өнгөрсөн 2 жилд нийт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөөр 34 үйлдвэрийг санхүүжүүлэн дэмжин ажилласнаа энэ онд үргэлжлүүлж, тус салбарын зээлийг энэ онд удаахгүйгээр, цагт нь буюу Цагаан сарын дараа олгохоо мэдэгдлээ.

 

 Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Связанные новости