Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг аймгуудын удирдлагатай орон нутагт цувралаар хийж байна.
Уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймагт болов. Орхон аймагт болсон уулзалтыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нар нээж, аймгийн ЗДТГ-аас “Аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хувийн хэвшлийн оролцоо”, МҮХАҮТ-аас “Бизнесийн орчны өнөөгийн байдал, танхимаас орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд”-ийг танилцуулав. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн худалдан авалт, НДШ-ийн хувь хэмжээ, ажиллах хүчний ур чадварыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулахтай холбоотой асуулт тавьж, саналаа хэллээ.
Орхон аймагт бизнесийн итгэлийн индекс 0.26 гарсан нь
бусад аймагтай харьцуулахад дундаж үзүүлэлт болж байна. Бизнесийн орчинд
тулгарч байгаа зүйлийг
хэрхэн шийдвэрлэх гэсэн
санал асуулгад Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн 67 хувь нь төрийн зүгээс
бодлогоор зохицуулах нь чухал гэж хариулсан бол 55 хувь нь төр хувийн хэвшлийн
хамтын ажиллагаа чухал гэжээ.
Дархан-Уул аймагт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт “Хамтдаа асуудлаа шийдэцгээе” уриан дор боллоо. Уулзалтыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар нээв.
Танхимаас гаргасан “Бизнесийн орчин”-ы судалгаагаар тус аймгийн бизнесийн итгэлийн индекс 0.2 гарсан байна. Бизнесийн орчинд тулгарч байгаа зүйлээр банкны зээлийн хүү өндөр гэж 77 хувь, ажиллах хүчний хомсдол, ур чадварыг 60 хувь, төрийн бодлогын тогтворгүй байдал гэж 39 хувь нь нэрлэжээ. Бизнесийн орчныг сайжруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэж бизнес эрхлэгчдийн 55 хувь нь хариулсан байна.
Уулзалтаар
махны экспортыг хөндөж, малын хорио цээрийн бүс тогтоох тухай Засгийн газрын
тогтоолын хэрэгжилт, зөгийн аж ахуйн бизнесийг дэмжих боломж, гурилын
үйлдвэрийн байдал, БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох талаар ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран хэрэгжүүлэх
төслийн хүлээгдэж буй үр дүн, орн
нутагт мэдээллийн
ил тод байдал, хүртээмжийг сайжруулах,
төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх болон бизнес эрхлэгчдээс аймгийн
удирдлагад өмнө нь тавьсан зарим зүйлийг шийдвэрлэж байгаа талаар ярилцлаа.
Зөвлөлдөх уулзалтаар төр хувийн хэвшлийн оролцогч талууд асуудал, боломж, шийдлээ хамтран тодорхойлох юм.
Б.Болд