Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-19 14:12:48

Засгийн газраас “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталлаа.

"Экспортын дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газар 2013 оноос хэрэгжүүлж байгаа юм. Үндэсний хөтөлбөр нь инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх замаар урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Гэвч тус хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсан учир хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай гэж үзэн, өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан байна. 

2016-2020 онд уг шинэчилсэн хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортын 30 хувьд, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн жин 15 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Мөн арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлого жилийн 1 тэрбум ам.доллар болно гэж тооцсон байна. 

Хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн банкны "охин" компани хэлбэрээр үүсгэн байгуулах шийдвэрийг мөн Засгийн газар гаргасан байна. Энэ хүрээнд Хөгжлийн банкны тухай хуульд нийцсэн хөрөнгө оруулалтын бодлого бүхий Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудад гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.

Н.Гантуяа 

 

Связанные новости