АХБ-ны шинэ суурин төлөөлөгч ажилдаа орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин
төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран томилогдон, ажлаа хүлээн авлаа. Тэрээр АХБ
болон Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн
төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган
ажиллаж, Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлэх юм.
П.Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны
түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн
салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Тэрээр
ХАА, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг
салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, бодлогын болон мэдлэгийн
дэмжлэгийг удирдахын зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл
хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай нэгэн гэж АХБ-ны мэдээнд дурджээ.
Тэрээр
2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт,
боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажиллаж, тус банкны Зүүн Азийн газарт Байгаль
орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын
агаарын чанарыг сайжруулах зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж
байв.
“Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жил ажилласан АХБ-ны Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно” гэдгийг тэрээр мэдэгдэж байна.
Энэтхэг улсын иргэн ноён Рамачандран нь АНУ-ын Мэрилэнд
Их сургуулийн Төрийн удирдлагын магистр, Энэтхэг улсын Делигийн Эдийн засгийн
Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь АХБ-нд бүс
нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур
амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөх зэрэг
алба хашиж байжээ.