Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Сингх тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “2018 онд Монгол Улсын аж үйлдвэрийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан билээ. Үүнтэй зэрэгцэн эхэлсэн үйлдвэрийн төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам барих дэд бүтцийг амжилттай хийлээ. Газрын тосны үйлдвэрлэл хангамжийн асуудал аливаа улс орны үндэсний аюулгүй байдал төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Монголын төр засаг сүүлийн хориод жил ярьсан газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил хэрэг болгох боломжтой боллоо” гэлээ.
БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан: “Монгол Улсад 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Энэтхэгийн
Засгийн газрын тусламжаар байгуулж буй нь хоёр орны нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм.
Бүтээн байгуулалтад шаардлагатай 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар шийдвэрлэсэнд бид баяртай байна. Энэхүү төсөл
хэрэгжсэнээр Монголын газрын тосны нийт хэрэгцээний дөрөвний гурвыг хангана гэж
ойлгож байна. Түүнээс гадна энэ үйлдвэр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй
байдал эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Газрын тос
боловсруулах үйлдвэртэй холбоотой нэмэлт аж үйлдвэрүүд ч хөгжинө гэж үзэж байна.
Коксжих нүүрс болон бусад байгалийн баялгийн нөөцөөр арвин Монгол Улс
Энэтхэгийн эдгээр баялгийн хэрэгцээг мөн хангах өргөн боломжтойг тэмдэглэмээр
байна. Цаашид манай хоёр улс зэс, алт, газрын ховор элементийн хамтарсан
хайгуул хийж, Монгол Улсын хөгжлийн гол салбар болох уул уурхайн салбарт хамтын
ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой” хэмээлээ.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
“Энэхүү 27 км төмөр зам, 17 км авто замыг Монголчууд өөрсдийн хөрөнгөөр,
өөрсдийн хөдөлмөрөөр бүтээн байгууллаа. Бид өөрсдөө зургаа хийж, хяналт тавьж
бүтээн байгуулж чаддагаа өнөөдөр харууллаа. Алтанширээгээс цааш Хөөт бичигт,
Чойбалсан, Эрээнцав, Славянский чиглэлд тавигдах төмөр зам эндээс эхэлж байна.
ЗХ-ий 77, 80 дугаар анги Монголын анхны хүнд даацын авто замыг чанартай барьж
гүйцэтгэлээ. Мөн УБТЗ-ын төмөр замчид 27 км замаа амжилттай тавилаа.
Хамгийн чухал нь Монголчууд энэ бүх ажлыг өөрсдөө гурав дахин бага өртгөөр хийж
гүйцэтгэлээ. Нэг км замыг 890-900 мянган ам.долларт тавьж байна. Гадны
байгууллагын үнийн санал 3-3.5 сая ам.доллар байдаг. Зам дагаж олон бүтээн
байгуулалт өрнөнө гэж итгэж байна” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй
албаны хүмүүс Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн
байгуулалтад гар бие оролцож, хамтран ажилласан Монголын газрын тос
боловсруулах үйлдвэр ТӨХХК, УБТЗ ХНН, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК- ийн хамт олонд талархал илэрхийлж шагнал
гардууллаа.