Өнөөдөр хүн анх удаа сансарт ниссэн өдөр
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг НҮБ-ын төв байранд Юрий Гагарины сансарт ниссэн түүхэн өдрийн 55 жилийн ойн баярын арга хэмжээ болох гэж байна. 2011 оноос хойш Сансарт хүн ниссэний олон улсын өдөр болгон тэмдэглэж буй дөрөвдүгээр сарын 12-ны энэ өдөр НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын байранд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, мөн “Гагарин. Сансарт ниссэн анхны хүн” киног үзүүлнэ.
"Per aspera ad astra" буюу латинаар “Одод руу хүрэх хүнд бэрх замаар” нэртэй үзэсгэлэнд 30 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлэх бөгөөд тэдгээрийн ихэнх нь Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансарт нисэх бэлтгэл хийж буй үед авсан гэрэл зургууд, “Восток” сансрын хөлгийн буугч аппаратны газардаж буй болон анхны сансрын нисгэгчийн Москвад эргэн ирж буй торгон мөчүүдийг харуулсан ТАСС агентлагийн архивын гэрэл зургууд ажээ.
Гэрэл зургийн үзэсгэлэнд мөн Юрий Гагарин болон дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешковагийн 1963 оны 10 дугаар сарын 16-нд НҮБ-ын төв байранд хийсэн айлчлалд зориулсан цуврал гэрэл зургийг дэлгэсэн байна. Эдгээр зургийг 2011 онд Гагарин сансарт ниссэний 50 жилийн ойг тэмдэглэх үеэр тус байранд үзүүлж байжээ.
Сансарт хүн ниссэний олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 онд гаргасан тогтоолын дагуу тэмдэглэдэг болжээ. Уг тогтоолыг Юрий Гагарин сансарт ниссэний 50 жилийн ойн өдрийн өмнөхөн ОХУ-ын санаачилгаар баталсан байна.
Д.Жаргал