10 орон шилдэг техник, технологио танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтан гаргаж буй “AgroExpo-2019” олон улсын газар тариалангийн үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатар талбайд нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд олон улсын газар тариалангийн салбарын шинэ техник технологиудыг дэлгэж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг Даргын тамгын газар болон “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Оросын Холбооны Улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн “Ростсельмаш” холбоо оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компани буюу ОХУ, БНХАУ, Вьетнам болон АНУ зэрэг орнуудаас оролцогч байгууллагууд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, менежмент, хүнд машин механизм, түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.
Монгол Улсаас АПУ ХХК, Нүүдэлчин агро фирм, MSM групп, МонТрак групп, Мөнх ногоон тал ХХК, Интосэ ХХК, Беко ХХК оролцож буй бол Оросын “Росттельмаш” холбооны "Клевер" ХХК, Сагарфүүд ХХК, Вьетнамын "Richy Food Southern Stock" зэрэг компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
“Экспо Монгол” ХХК-ийн захирал Т.Баттулга “Энэ удаагийн үзэсгэлэн нь олон улсын гэдгээрээ онцлог болж байгаа. Анх удаа зохион байгуулж байгаа хэдий ч 10-аад орны 50 орчим байгууллага оролцож байна.
Мөн жижиг аж ахуйн нэгжүүд, газар тариалангийн бизнес хийдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Маш олон хүн сонирхож ирж байна. Ер нь хүнс хөдөө аж ахуйн салбарын бүх л зүйлийг дэлгэн харуулахыг хичээсэн” гэв.