“Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт олон улсын сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-26 13:40:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгөний бодлого, макро зохистой бодлогын мэргэжилтнүүдэд зориулсан Санхүүгийн мөчлөг ба хямрал сэдэвт олон улсын сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тав хоног үргэлжлэх уг сургалтыг Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо /ЗӨАТБХ/-ны Судалгаа, сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна.


Сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны төв банкны 29 мэргэжилтэн хамрагдаж, санхүүгийн мөчлөгийн шинж чанар, шалтгаан болон эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын боломжит хариу үйлдлийн талаар мэдлэгээ дээшлүүлэх юм. Түүнчлэн дотоодын санхүүгийн мөчлөгийн холбоос, хямралын урьдчилсан дохиоллын индикаторыг үнэлэх, цаашлаад санхүүгийн мөчлөгийн өрнөл болон макро зохистой бодлогын хариу үйлдлүүдийг үнэлэх чадварт суралцах аж.


2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш бодлого зохицуулагчид санхүүгийн мөчлөгт ихээхэн анхаарч байгаа. Учир нь санхүүгийн мөчлөг бодит эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд мөчлөгийг зохистой удирдахгүй бол дэлхий нийтийг хамарсан хямралд хүргэх эрсдэлтэйг олон улсын судлаачид онцолдог.


Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:Санхүүгийн мөчлөг бодит эдийн засгийн тогтвортой байдалд нөлөө үзүүлж, эргээд эдийн засгийн төлөв байдлаас нөлөө авдаг чухал үзүүлэлт. Энэ ч утгаараа сүүлийн үед олон улсын төв банкны бодлого боловсруулагчид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Санхүүгийн мөчлөгийн эдийн засагт учруулах бодитой нөлөөг тооцсон статистик байдаггүй. Үүнийг санхүүгийн зах зээлийн олон үзүүлэлт дундаас тооцож гаргадаг. Энэ мөчлөгийг тогтвортой байлгахад бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд анхаарах ёстой. Ингэснээр санхүүгийн сектор эдийн засгийн савлагаа, доргионд дархлаатай болох юм хэмээв.


Монголбанкны Мөнгөний бодлогын газрын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл:Макро зохистой бодлогын үр дүнд санхүүгийн салбарын эрсдэлээс урьдчилан сэргийлж болдог. Монгол Улс 2018 оны төв банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болсон. Хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт эдийн засагт саад учруулж, санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах, өрхийн өрийг хэт нэмэгдүүлэх эрсдэл ажиглагдаж байсан. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас хэрэглээний зээлийн хугацаа, өр авлагын харьцаанд дээд хязгаар тавьсан. Ингэснээр эдийн засаг дунд хугацаанд илүү эрүүл байж, эрсдэл хуримтлагдахгүй байх ач холбогдолтой хэмээв.


Санхүүгийн мөчлөг ба хямрал сургалтыг удирдах зөвлөлд ЗӨАТБХ-ны Макро эдийн засаг, мөнгөний бодлогын менежментийн газар, Олон улсын төлбөрт тооцооны банкны Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчийн газар, Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны экспертүүд багтаж байна.

Связанные новости