ЖДҮХС-гийн зээлийн шалгуурыг 16 аж ахуйн нэгж хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас олгох зээлийн төслийн сонгон шалгаруулалтын банкаар дамжуулан санхүүжүүлэх шалгуурыг 16 аж ахуйн нэгж хангажээ.
Дээрх аж ахуйн нэгжүүдийн төслийг Засгийн газраас баталсан жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн хэмээн үзэж 13.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болж буй юм.
ЖДҮХС-гаас
урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын
хүрээнд 300 сая төгрөгөөс дээш нэг тэрбум
төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, ААН-ийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн
хүсэлтийг судлажээ. Үүнээс 47
иргэн, ААН-ийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн
бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн
шийдвэрлээд байна.
Тэнцсэн төслүүдээс экспортыг нэмэх ноос, ноолуур, арьс шир, мах
боловсруулж шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортлоход чиглэсэн төслийн зээл 40
хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4
хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засгийг солонгоруулах, “Монгол брэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр
ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж
байна.
Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд
нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн
хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо Хорооны
гишүүдэд ойлгуулах боломжийг олгожээ.
Мөн зээлийн шалгуур,
үнэлгээг тогтоохдоо олон улсын арга, аргачлалыг
ашигласан бөгөөд зээлийн дижитал цахим ашиглажээ.