АНУ Зүүн Европ дахь цэргийн нөлөөгөө нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авч, Зүүн Европ дахь цэргийн нөлөөгөө нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдэв.
АНУ хуягт бригадаа Зүүн Европ руу илгээж байгаа бөгөөд ингэснээр нийт гурван хуягт бригад тэнд тогтмол байрлахаар болж байна.
Украинд явуулж байгаа ОХУ-ын ажиллагаатай холбоотойгоор хурцадмал байдал газар авч эхэлснээс хойш АНУ анх удаа ийм ач холбогдол бүхий арга хэмжээ авч, НАТО-гийн хүчийг зузаатгаж байна гэж “BBC”-гийн дипломат сэтгүүлч мэдэгдэв.
АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын 2017 оны төсвийг дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг Пентагон өнгөрсөн сард танилцуулсан билээ.
Мөн тус улс Зүүн Европт цэргийн нөлөөгөө тэлснээр, тус бүс нутагт цэргийн сургуулилт хийх чадавх нь нэмэгдэх юм.
“Зүүн Европ болон бусад бүс нутагт ОХУ-ын түрэмгийлэл тэлж байгаа энэ үед НАТО-гийн түнш, холбоотон орнуудад итгэл найдвар төрүүлэх бидний хүчтэй, тэнцвэртэй хандлагыг энэ төлөвлөгөө харуулж байна” гэж Европ дахь АНУ-ын командлагч, генерал Филипп Бридлав мэдэгдэв.
Д.Нямтулга