Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав.
Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзахдаа спорт цогцолбор барих болон 1990 онд байгуулсан, 280 хүүхдийн 139 дүгээр цэцэрлэгийн их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар болсноо хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов.
Ерөнхий сайд дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэд нутаг орны хэмжээнд тулгамдаж буй асуудал, ялангуяа бүх шатанд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчдын ёс зүй, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Связанные новости

