БНХАУ-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-07 11:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзлаа.

Уулзалтаар барилгын салбарын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хоёр улсын 70 жилийн хугацаанд үргэлжилсэн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд барилга, хот байгуулалтын салбарт төдийгүй бусад салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар олон төсөл хэрэгжин, хоёр улсын иж бүрэн, стратегийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан цохон тэмдэглэлээ. 

Тэрээр хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн талаар хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас энэ төсөлд онцгойлон анхаарч ажиллаж, гүйцэтгэлийн гэрээнд Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу өөрчлөлтүүдийг тусгаж нэмэлт гэрээг байгуулаад байна. Үүнд, Хятадын талын хийж гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлж, зарим зардлыг Монголын талаас гаргахаар тохирсныг сайд онцоллоо. 

Төслийн хувьд, ерөнхий гүйцэтгэгч компани төслийн талбайг бэлтгэх ажлыг эхлээд явж байгаа ч хоёр улсын Засгийн газар хооронд Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулснаар албан ёсны ажил эхлэх тул,  тус хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ноён, Элчин сайд Шин Хаймин “Монгол Улсын Ерөнхий сайдын онцгойлон анхаарч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажилд Хятадын тал мөн адил анхаарч ажиллаж байна. Уг төслийг эхлүүлэх баримт бичгийг БНХАУ-ын Эксим банк хянаж, баталгаажуулах шатандаа явж байгаа”-г хэллээ. 

Тэрээр “БНХАУ-ын талаас дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Хятадын Эксим банкны хянаж, баталгаажуулахад шаардлагатай баримт бичгийг Монголын тал ойрын хугацаанд бүрдүүлж өгөх, ингэснээр Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэх болно гэв.


Хоёр талын уулзалтаар санал солилцсон хоёр дахь яриа нь  "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжүүлэх 1008 айлын орон сууц" төсөл байлаа. Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн солилцох захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан юм.

Уг төсөл нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын ажлын хэсэг Монгол Улсад хоёр удаа хүрэлцэн ирж төслийн анхан шатны ТЭЗҮ-ийг хамтран боловсруулсан байна. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд 2019 онд бүтээн байгуулалтыг эхлүүлж ирэх жилийн хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар тооцож, төслийн нэгжийг байгуулаад байгаа юм. 

БХБ-ын сайд Х.Баделхан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх дээрх хоёр төслийн ажлыг эрчимжүүлж, БНХАУ-ын талаас тавьсан хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг яамны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Связанные новости