Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэрээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Феридун Синирлиоглутай уулзсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс ЕАБХАБ-ын үндсэн зарчим, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа нотолж, энэхүү ойн арга хэмжээ нь ЕАБХАБ-ын цаашдын үйл ажиллагааг орчин үеийн шинэ сорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэх, байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн манай улс ЕАБХАБ-д гишүүнээр элссэн нь Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалтай нийцэж байгааг тэмдэглээд, ардчилсан үзэлт гуравдагч хөрш орнуудтай бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Синирлиоглу Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг өндрөөр үнэлж, Монгол Улс нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, терроризмтой тэмцэх чиглэлээр бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгааг онцлов.
Монгол Улс Софи хотноо 2004 онд 12 дугаар сард болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Азийн тав дахь түнш улс болж, улмаар 2012 оны 11 дүгээр сард тус байгууллагын 57 дахь гишүүн улс болсон. Манай улсын хувь ЕАБХАБ нь ардчилсан институцийг бэхжүүлэх, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалж, сайн засаглалыг хөгжүүлэх, мөн Европын болон Төв Азийн орнуудтай холболтыг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд ач холбогдолтой юм.