Цэргийн алба хаагчдын гэр бүлд хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, Батлан хамгаалах яам хамтран “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар ёслолыг анх удаа зохион байгуулж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үе үеийн алба хаагч, тэдний гэр бүлд хүндэтгэл илэрхийлэв.
Ёслолыг нээж Ерөнхий сайд, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг бид сайн мэднэ. Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм. Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.
Хүндэтгэлийн ёслолд 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “Шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан шагнав.
Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигдэж буй үзүүлэлт юм.