УИХ-ын дарга Г.Занданшатар Японы парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар, хоёр талын парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс санхүүгийн хүндрэлийг даван туулахад Япон Улсаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны санхүүжилтийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн юм.
Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, Японы талаас Парламентын төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нар оролцлоо.