УИХ-ын дарга Г.Занданшатар “Азийн ирээдүй” олон улсын форумд үг хэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ сарын 30-31-нд Японы “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд үндсэн илтгэгчээр оролцов.
Тэрбээр, дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэлдээ дурдав. Мөн үеэр, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Либериал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноос гадна “Никкэй” сонин, “Nikkei Asian review” сэтгүүлд ярилцлага өгсөн юм.
Тус форумд Филиппин Улсын Ерөнхийлөгч Р.Дутертэ, Малайзын Ерөнхий сайд М.Махатир, Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасина, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нарын зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна.