Израилын парламент өөрөө өөрийгөө тараалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Кнессет буюу парламент өөрөө өөрийгөө тараалаа. Парламентыг тараахыг 120 депутатын 74 нь дэмжсэн бол 45 нь эсэргүүцсэн байна. Кнессетийг хаахаас өмнө дахин хоёр удаа хуралдах аж. Израилын парламентын ээлжит бус сонгуулийг есдүгээр сарын 17-нд явуулахаар товложээ.
Кнессет өөрөө тарах болсны шалтгаан нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху эрх барих эвсэл болон сайд нарын танхимыг эмхлэн байгуулж чадаагүйтэй холбоотой байна.
2019 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа Нетаньяху 42 хоногийн дотор шинэ эвслийг эмхлэн байгуулах ёстой байсан юм. Энэ хугацаа тавдугаар сарын 29-ны шөнө дунд дуусжээ. Израилын Ерөнхий сайд уламжлалыг дагагч “Яхадут ха-Тора” эвсэл болон Батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерман тэргүүтэй орос хэлт израилчуудын “Бидний гэр-Израил” намтай тохиролцож чадаагүй байна.
Намууд хэт шашны үзэлтэй залуусыг цэрэгт татах тухай хуулийн төслийн талаар санал нэгдээгүй аж. Либерман уг хуулийн төслийг өмнөх сонгуулийн парламентаар урьдчилсан баталснаар нь хэвээр үлдээхийг шаардсан байна. Харин шашны намууд хэрэв нэмэлт өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээвэл эвсэлд орохгүй гэдгээ мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын парламентын сонгуульд “Ликуд” нам ялсны дараа Нетаньяху Засгийн газрыг дөрөв дэх удаагаа эмхлэн байгуулах үүргийг Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлинээс авсан бөгөөд 120 суудалтай парламентад 65 суудал авсан барууны үзэлт болон шашны намуудтай эвсэх хэлэлцээ хийж эхэлжээ.