Арвайхээрийн тариаланчид төмсөөр сумынхаа хүн амын 90 гаруй хувийг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар
тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн хүрээнд аймгийн
ХХААГ-аас “Арвайхээр сумын тариаланчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус сумын үе үеийн тариалан эрхлэгчид,
хоршоодын төлөөлөл хүрэлцэн ирж, салбарын өнөөгийн байдал, хөгжил, цаашдын
зорилт зэрэг олон асуудлаар мэдээлэл авч санал солилцсон юм. Мөн зөвлөгөөний
үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу тариаланчдыг халамжлан
хүмүүжүүлж байгаа ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүллээ.
Арвайхээр суманд газар тариалангийн салбарт ажилладаг 123
хувь хүн, 14 аж ахуйн нэгж байдаг аж. Тэд жилд 100 орчим га талбайд төмс,
хүнсний ногоо тариалж, төмсөөр Арвайхээр сумын хүн амын 92 хувийг, хүнсний
ногоогоор 12.5 хувийг хангадаг байна. Гэвч тэдэнд тариалан эрхлэхэд газар
нутаг, хөрсний асуудал тулгамддаг бөгөөд дийлэнх нь Дайрганы голд тариалалт
хийдэг. Тиймээс тэнд цахилгаан татаж, дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатай байгааг
сумын Засаг даргын орлогч Ц.Хоролсүрэн хэллээ. Одоогоор 20 сая төгрөг
төсөвлөсөн ч энэ зардал хүрэхгүй гэнэ.