Баяжих тусам согтууруулах ундааны хэрэглээ нэмэгддэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-14 15:25:22

ЖАКАРТА. /Asia Times/. Азиудын орлогын хэмжээ өсөх тусам согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгддэг болохыг Их Британийн анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн дэлхий нийтийн согтууруулах ундаа хэрэглэх зуршлын талаарх судалгаанд тэмдэглэжээ.


1990 оноос хойш согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал Хятад, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг оронд газар авах болжээ. 1990 онд Хятадын согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийн 16 хувь нь сард нэг удаа согтотлоо уудаг байсан бол 2017 онд энэ үзүүлэлт бараг хоёр дахин нэмэгдэж, 30 хувь болжээ.


Вьетнамд энэ үзүүлэлт 16 хувиас 24 хувь хүрч өссөн бол Тайландад 18-аас 25 хувь хүрчээ. Харин Азийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсууд болох Бутан болон Зүүн Тиморт 14%-22%,12%-20% болж нэмэгджээ. Харин Энэтхэг, Малайз, Мьянмар, Филиппин зэрэг Азийн бусад орнуудад уг үзүүлэлт бага өсөлт үзүүлжээ.


Азийн орнуудын эдийн засаг хурдацтай хөгжиж, цалин нэмэгдэж, ядуу буурай орнууд дунд орлоготой орны статус руу шилжиж, дунд орлоготой орнууд баян чинээлэг орнуудын ангилалд багтах болсон юм. Үүнтэй холбоотойгоор хүмүүс зарцуулах мөнгө улам ихтэй болж, баасан, бямба гарагт гадуур гарах нь ихэсжээ.


“Хүмүүс эхлээд согтуурах ундаанаас татгалзахаа больж, дараа нь ууж эхэлдэг ба цаашлаад амьдралынх нь хэв маяг мэт болж хувирдаг” гэж Торонто хотын их сургуулийн судлаач хэлжээ.


The Lancet” сэтгүүлийн судалгаанд дурдсанаар, 1990-2017 онд Зүүн Өмнөд Азид насанд хүрсэн нэг хүнд ногдох алкоголийн хэрэглээ 104 хувиар нэмэгдсэн бол Номхон далайн Баруун бүс нутагт 54 хувиар нэмэгдсэн ажээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ”-г 2025 он гэхэд 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь 200 гаруй төрлийн өвчнийг үүсэхэд нөлөөлж, жил тутам 3 сая гаруй хүнийг үхэлд хүргэдэг аж. Тэдгээр хүмүүсийн 75 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг байна. Дэлхий даяар 237 сая эрэгтэй, 46 сая эмэгтэй согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний улмаас шаналж байна. 

Связанные новости