Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-13 13:11:49

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв нь Венесуэл, Иран төдийгүй “Дорнын түншлэл” хөтөлбөрийн 10 жилийн хөгжлийн дүн байх аж.


Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудын хүрээнд бодитой шийдвэр гаргах төлөвгүй байна.“Дорнын түншлэл”-ийн хөтөлбөрийн асуудлаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Армени, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украины гадаад хэргийн сайд нартай тусдаа уулзалт хийх аж.


Иран болон Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө


Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн мэдэгдэлтэй холбоотойгоор Ираны эргэн тойрны нөхцөл байдал ЕХ-ны Зөвлөлийн хэлэлцэх асуудал болжээ. Тэрбээр Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн хэлэлцээрийн хоёр зүйл заалтын асуудлаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан юм. Эдгээр зүйл заалт нь Ираны эрх баригчид 60 хоногийн хугацаанд радио идэвхт бодисын нөөцөө бууруулахаа зогсоохтой холбоотой аж. Роуханийн мэдэгдсэнээр, цөмийн хэлэлцээрийн 26, 36 дугаар зүйл заалтуудад Иран ийм эрхтэй аж. Түүнчлэн хэлэлцээрт оролцогч өрнөдийн талууд 60 хоногийн хугацаанд хэлэлцээрийг хадгалан авч үлдэх, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Иран найдаж байгаа аж.


ЕХ-ны удирдагчид 5 дугаар сарын 9-нд Румынд болсон ЕХ-ны албан бус дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцсэн хэдий ч ямар ч бодитой шийдвэр гаргаагүй байна. Харин Их Британи, Герман, Франц болох Европын гурвал хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний асуудлаарх тулган шаардах бичгийг няцаахын зэрэгцээ Ираныг ийм арга хэмжээ авахад хүргэсэн АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг зэмлэн буруушаажээ.


Түүнчлэн хэлэлцээрээ бүрэн хэрэгжүүлэхийг Иранд уриалж, өөрсдийн зүгээс хориг арга хэмжээг сэргээхгүй гэдгээ амласан байна. Мөн АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг тойрон гарах зорилгоор Ирантай төлбөр тооцоо хийх санхүүгийн тусгай механизмыг бий болгох оролдлогоо үргэлжлүүлсээр байхаа амлажээ.


 Венесуэл


Европын Холбооны Зөвлөлийн эх сурвалжийн өмнө нь мэдээлснээр, Гадаад хэргийн сайд нар Венесуэлд төрийн эрх мэдлийг ардчилсан, тайван замаар шилжүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, тус улсын асуудлаарх байр сууриа ЕХ давтаж байгаа бөгөөд Николас Мадурог зөвхөн тайван замаар, дайнгүй, гадны оролцоогүйгээр огцрох шаардлагатай гэж үзэж байгаа аж.


Түүнчлэн Венесуэлийн асуудлаарх холбооны бүлгийн талаарх асуудал тодорхойгүй хэвээр байна. ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэхдээ “Холбооны бүлэг нь Венесуэлийн эрх баригчид хийгээд сөрөг хүчинтэй холбоо тогтоох асуудлыг эрхлэхгүй, харин төрийн эрх мэдлийг шилжүүлэх болзол нөхцөлийг бэлтгэнэ” гэжээ. Энэ ажлаа дуусгах ёстой хугацааг тэрбээр тодорхойлсон байна. Холбооны бүлэг үр дүнгээ 90 хоногийн дараа тайлагнах ёстой байжээ.


90 дэх өдөр нь 5 дугаар сарын 7-нд болжээ. Тэр өдөр Холбооны бүлэг Коста-Рикад уулзалт хийсэн хэдий ч уулзалтын үеэр ямар ч ажлын үр дүнг танилцуулаагүй бөгөөд Венесуэл дахь төрийн эрх мэдлийг энхийн замаар шилжүүлэхийг дахин уриалсан байна. 

Связанные новости