Истанбулд дахин сонгууль явуулах шийдвэрийг ЕХ шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-08 12:50:27

БРЮССЕЛЬ. /BBC/. Туркийн Истанбул хотод дахин сонгууль явуулах шийдвэрийг Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд хурцаар шүүмжилсэн байна.


Маргаан дагуулаад буй уг асуудлын талаар яаралтай тайлбар хийхийг ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Туркийн Сонгуулийн хороонд уриалжээ. Германы Гадаад хэргийн сайд Хейко Масс мэдэгдэхдээ, Истанбулд дахин сонгууль явуулах болсон нь “ойлгомжгүй байна” гэжээ.


Уг шийдвэр нь Францын Засгийн газар болон Европын парламентын /ЕП/ шүүмжлэлд ч мөн өртсөн байна. "Турк дарангуйлах тогтолцоо руу шилжиж байна" гэж ЕП-ын гишүүн Гай Верхофстадт хэлжээ.


Туркт өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам тус улсын хамгийн том хот болох Истанбулын даргын суудлыг цөөн хүний саналаар алдсан юм. Гэсэн хэдий ч Р.Эрдоган уг ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.


Шударга ёс, хөгжлийн намаас мэдэгдсэнээр, саналыг хүчингүй болгосон зөрчлүүдийг илрүүлсэнтэй холбоотойгоор Истанбул хотод ирэх зургадугаар сарын 23-нд дахин санал хураалт явуулах шийдвэрийг гаргасан байна. Сонгуулийн хороо энэ талаар даваа гарагт мэдэгдсэний дараа тус хотод олон зуун хүн цуглаж, уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. 

Связанные новости