Триполид мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-07 11:09:47

ТРИПОЛИ. /Xinhua/. НҮБ-ын дэмждэг Ливийн Засгийн газар болон зүүн нутагт төвтэй армийн зэвсэгт мөргөлдөөний улмаас 432 хүн амь үрэгдэж, 2069 хүн шархадсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


“Нийслэл Триполи хот болон тус хотын эргэн тойронд өрнөж буй мөргөлдөөний улмаас 50 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн” гэж ДЭМБ твиттер хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн байна.


Генерал Халифа Хафтараар удирдуулсан зүүн нутагт төвтэй арми өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэн үеэс НҮБ-ын дэмждэг Засгийн газар байрладаг Триполи хотыг эзлэн түрэмгийлэхийг оролдож байгаа юм.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон Ливийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Файез Серрай хэлэхдээ, сөргөлдөгч хүчнийхэн ирсэн газар луугаа буцах хүртэл гал зогсоох хэлэлцээр байгуулахгүй гэжээ.


Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн байна. 

Связанные новости