УИХ-ын гишүүн С.Жавхлан шинэ намд элсэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-02 13:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ улс төрийн хүчин буюу “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нам байгуулахаа энэ оны гуравдугаар сарын 18-нд мэдэгдсэн. Уг намд УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэх болсноо өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “УИХ-д бие даагч гишүүнээр ажиллах нь туйлын хэцүү. Өнгөрсөн хугацаанд иргэдээс УИХ-ын шударга гишүүнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн санал ирснийг удаан бодож, улс төрийн намуудыг судаллаа. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ намд элсэн, хамтран ажиллахаар шийдсэн” гэлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн” эрчимтэй ажилласны дүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдлээ. Сүхбаатарын талбайн урд хэсгийг хувийн хэвшилд олгосон байсныг зогсоолоо. Их тэнгэрийн амны 7 га газрыг хувьд өгсөн байсныг цуцлан, Салхит, Асгатын оруудаа төрд эгүүлэн авах тэмцэл эрчимжиж байна. С.Жавхлан гишүүн эх орныхоо төлөө, шударга ёс тогтоохын төлөө зүтгэж ирсэн. Тиймээс бид хамтран ажиллах ойлголцолд хүрлээ. Бидний гурван гишүүн энэ сарын 3-5-нд баруун таван аймагт ажиллана” хэмээв.

Связанные новости