Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 16:00:12

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.


Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн томоохон төслүүд болон 2024-2028 оны хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан 149 төслийг салбарын яамд бүртгэсэн. Эдгээр төслийг санхүүжилтийн эх үүсвэр, бэлэн байдлын түвшин, ач холбогдлоор нь эрэмбэлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж, холбогдох үнэлгээг хийж байна. Бид нийт 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан бөгөөд эдгээр нь өмнөх Засгийн газраас эхлүүлсэн хамтарсан ажлуудын үргэлжлэл юм. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төслүүдийг ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх шаардлага зайлшгүй тулгарсан.


Энэ хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран хөгжлийн төслүүдийг үнэлэх дөрвөн бүлэг, 14 шалгуурт суурилсан аргачлалыг боловсруулсан. Үүнд:

Макро эдийн засгийн үнэлгээ:

Хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эсэх

Эдийн засгийн төрөлжилтөнд оруулж буй хувь нэмэр

Төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө

Ажлын байр нэмэгдүүлэх боломж

Төслийн бэлэн байдлын үнэлгээ:

ТЭЗҮ, зураг төсөвтэй эсэх

Газар болон дэд бүтцийн бэлэн байдал

Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан эсэх

Санхүүжилтийн үнэлгээ:

Санхүүгийн эх үүсвэр шийдэгдсэн эсэх

Санхүүгийн тооцоо, өгөөжийн бодит байдал

Хөрөнгө оруулалтын өгөөж

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ:

Нийгмийн үйлчилгээ, дэд бүтцэд үзүүлэх нөлөө

Иргэдийн амьдрах орчны сайжралт

Нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангах байдал

Эдгээр шалгуураар үнэлсний үндсэн дээр 14 мега төслийн дөрөв нь хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, төмөр замын хил холболт, газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол-Францын хамтарсан “Rona Mining” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцы төслийг эхлүүлсэн


Цаашид Тавантолгойн цахилгаан станц, Зэс боловсруулах үйлдвэр, Гангийн цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор зэрэг төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр нь улсын төсвөөс хөрөнгө шаардахгүй, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэлбэрээр хэрэгжих боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд болох Хэрлэн Тоонт, Орхон Онги, Эгийн голын УЦС, үндэсний хиймэл дагуул, төмөр замын төслүүдийг бэлтгэл хангах шатанд ажиллаж байна” гэв.


Түүний хэлснээр 149 төслийг 14 шалгуураар үнэлэн эрэмбэлж, ирэх намрын чуулганаар хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлд багтаах эсэхийг шийдэх аж.  Ингэхдээ зураг төсөвгүй, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасах буюу хойшлуулах бодлого баримтлах юм байна. Ирэх оны төсөвт эдгээр шалгуурыг хангаагүй төслийг огт суулгахгүйг дурдлаа.


Н.Учрал сайд үргэлжлүүлэн ярихдаа “Бид энэ жил орлогын 3.1 их наяд төгрөгийн тасалдалтай төсөв баталсан. Эдийн засаг агшиж буй нөхцөлд төсвийг тэлэх, экспортын боломжтой салбаруудыг дэмжих шаардлагатай. Үүний тулд төрөөс орон зайгаа хумьж, хувийн хэвшилд боломж нээх ёстой. Энэ хүрээнд 2.1 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийж, зарим агентлаг, хороо, зөвлөлийг татан буулгаж, цомхотгол хийсэн. Экспортыг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 21 чиг үүрэг бүхий даалгавар өгсөн. Төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор 60 орчим журмыг цуцаллаа.


Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тусгай механизмыг ЭЗХЯ дээр ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 110 гомдлоос 27-г нь шийдвэрлсэн байна. Үүнээс 65 хувь нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэснээр дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах нөхцөл бүрдэнэ. Энэ удаагийн тогтоолоор хөрөнгө оруулагчийн гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж байхыг үүрэг болгосон. Экспортын ажлын хэсэг 14 хоног тутам Засгийн газарт мэдээлэл хүргэж, шийдвэр гаргах байдлаар ажиллана. Хөгжлийн төслүүдийн үнэлгээ, эрэмбэ наймдугаар сарын 15-аас өмнө дуусаж, намрын чуулганд танилцуулагдана. Ингэснээр бид ирэх оны төсвийг илүү бодитой, үр ашигтай, хувийн хэвшилд суурилсан хөрөнгө оруулалтын орчинд нийцүүлж батлах боломжтой гэж үзэж байна” хэмээлээ. 

Связанные новости