Тусгай хамгаалалттай газар нутгийг тэлснээр 350 зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 18:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан. Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. Тогтоолын төслийг баталснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар өсөж, байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганд танилцуулахаар тогтлоо.


Мөн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.


Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод буй юм. Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Связанные новости