Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 16:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов.


Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх аж. Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га газарт үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.


Мөн хурлаар Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Мал хамгаалах сан 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Связанные новости