"АХА" компани Нотр-Дамын сүмийг сэргээн засахад 10 сая евро хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-17 11:47:08

ПАРИС. /AFP/. Франц улсын даатгал, хөрөнгө оруулалтын "АХА" компани Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад 10 сая евро хандивлана гэж тус компанийн мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.


"АХА" компани Францын соёлын өвийг хадгалан авч үлдэхэд буяны дэмжлэг үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Нотр-Дамын сүмийг сэргээн засахад хувь нэмрээ оруулж, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны эхлүүлсэн хандив цуглуулах кампанит ажилд 10 сая евро хандивлаж байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


Нотр-Дамын сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарсан бөгөөд маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан юм. Сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын явцад гал гарсан байж магадгүй байна. Түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйджээ.


Францын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, түүхэн дурсгалуудыг хамгаалах нийгэмлэгүүд сүмийг сэргээн засахад зориулж, хандив цуглуулж эхэлсэн юм. Мөн ОХУ, Их Британи, Герман зэрэг олон улсаас туслах санал ирсэн байна.


Түүнчлэн “L'Orеal” компани 200 сая евро, тэрбумтан Арногийн гэр бүл мөн 200 сая евро, “Kering” компанийг эзэмшигч Пиногийн гэр бүл 100 сая евро хандивласан юм. Францын нефть, хийн “Total” концерн Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад 100 сая евро хандивлахаа мэдэгджээ.


 


Связанные новости