Рио-де-Жанейро хотод үерийн гамшиг нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-10 11:10:05

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын Рио-де-Жанейро хотод даваа, мягмар гарагт хүчтэй аадар бороо орсноос үүдэлтэй үерийн гамшгийн улмаас 9 хүн амиа алдсан тухай тус хотын даргын ажлын албанаас мэдээлжээ.


Гэрэл зургуудаас үзэхэд, үерийн улмаас замууд хаагдаж, модод үндсээрээ булгарч унажээ. Нэн шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд хотын оршин суугчдад анхааруулсан байна.


Хотын дарга Марсело Кривелла хэлэхдээ, ердийн үеийнхээс хэд дахин их хэмжээний бороо орсон хэмээн онцлоод, хотын зүүн болон баруун бүс үерт хамгийн их нэрвэгдээд байна гэжээ. Байгалийн гамшгаас улбаатай хохирлыг арилгахаар гал сөнөөгчид, сайн дурынхан багтсан 5000 гаруй хүн ажиллаж байна.


Өнгөрсөн 11 дүгээр сард Рио-де-Жанейро мужид үерийн гамшгаас үүдэлтэй хөрсний гулгалт үүссэний улмаас 10 хүн амиа алдсаны дунд бага насны нэг хүүхэд байсан юм. 

Связанные новости