Путин, Токаев нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-04 11:25:37

МОСКВА. /Kazinform/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.


Нээлттэй, найрсаг, бүтээлч уур амьсгалд болсон хэлэлцээний үеэр төрийн тэргүүн нар хоёр талын хамтын ажиллагааны гол асуудлууд, Евразийн эдийн засгийн холбооны хүрээн дэх хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.


Путин, Токаев нар мөн хийн хангамжийн "Байконур" цогцолбортой холбоотой гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Уг гэрээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөгч нар гарын үсэг зурсан байна. Айлчлалын үеэр хийсэн үр өгөөжтэй хэлэлцээнүүд болон баталсан баримт бичгүүд нь хоёр талын уламжлалт найрсаг, тэгш харилцааг хөгжүүлэх боломж олгохын сацуу хоёр орны ард түмний нөхөрлөл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдгийг Путин, Токаев нар цохон тэмдэглэжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн онцлон тэмдэглэснээр, Орос-Казахстаны стратегийн иж бүрэн түншлэлийг талуудын аль аль нь бэхжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг хамтарсан мэдэгдэлд тусгажээ. “ОХУ болон Казахстан олон салбарт хамтран ажиллах туршлага хуримтлуулсан. Улс хоорондын болон Засгийн газар хооронд байгуулсан 450 гаруй баримт бичиг бий. Тухайлбал, ХХI зуунд сайн хөршийн харилцаа тогтоох болон хамтран ажиллах тухай суурь гэрээг 2013 онд байгуулсан билээ. Энэ бол бидэнд ирээдүйгээ итгэлтэй харах, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжих төлөвлөгөө боловсруулах бат бөх суурийг тавьсан баримт бичиг юм” гэж Путин цохон тэмдэглэсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ хийснийхээ дараа Казахстанд атомын цахилгаан станц барих саналыг Токаевт тавьжээ.


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр лхагва гарагт хүрэлцэн очсон юм.


Связанные новости